"Монгол ардын намын хичээн эрмэлзэх зүйл" буюу мөрийн хөтөлбөрийн зорилтууд тодорхой байх ёстой
2017.11.22

"Монгол ардын намын хичээн эрмэлзэх зүйл" буюу мөрийн хөтөлбөрийн зорилтууд тодорхой байх ёстой

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бичиж байна

Улс төрийн ууган хүчин болсон манай нам уламжлалаа бодсон ч, төр, засгийн эрхийг барьж байгаа түүхэн хариуцлагаа бодсон ч ийм бичиг баримт байх нь зөв.

Гэвч хэтэрхий ерөнхий, гишүүд, дэмжигчид нийт олны анхаарал татах тодорхой шинэлэг санаагүй, уламжлалт аргаараа тоочсон зүйл их байвал тусгүй. Өөрөөр хэлбэл, намыг үүсгэн байгуулсан дээдэс маань “Эрмэлзэх 10 зүйл” гэх бичиг баримтыг хэрхэн үйлдсэн загварын манай нам өдгөө хүртэл бараг өөрчлөлгүй явж ирсэн бөгөөд энэхүү “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн төсөл мөн л тийм болжээ гэж үзэж байгаа тул энэ загварыг өөрчлөх хэрэгтэй санагдана.

Ард түмний хүсэл сонирхол юу байгааг сайн мэдэрч, түүнд нийцсэн санааг илүүтэй тодорхойгоор онож, томьёолох нь зөв болов уу. Ард түмэн одоо өлсч цангаж, ядарч туйлдаж байна гэхээсээ илүүтэйгээр шударга ёсыг үгүйлж, эх орныхоо байгалийн баялгаас шударгаар хүртэхийг хүсч байна.

Манай намын “Хичээн эрмэлзэх зүйл”-ээс олон нийт “МАН шударга ёсыг тогтоох юм байна, тодорхой төсөл, хөтөлбөр, хөдөлгөөн өрнүүлэх юм байна, тэр нь ард түмний амьдрал, улс орны хөгжилд бодитойгоор нөлөөлөх юм байна” гэсэн тодорхой ойлголт авч, тэр хэрээрээ намыг байнга дэмжиж байхуйц мөрийн хөтөлбөр боловсруулах нь чухал байна.

Энэ бол хэрэгжүүлэхэд олон түмний өөрсдийнх нь идэвхтэй оролцоо шийдвэрлэх үүрэгтэй байн, нийгэмд хуримтлагдсан, шийдлээ удаан хүлээж буй бугшмал асуудлыг нэг мөр шийдвэрлэхэд чиглэсэн зоримог бөгөөд оновчтой шинэлэг санаануудыг тусгасан төсөл, хөтөлбөр, хөдөлгөөнийг санаачлан, намын цаашдын үйлс болгон дэвшүүлэн тавиад түүнийгээ ажил болгохыг нам хичээн эрмэлзэх ёстой гэсэн санаа юм

Ийм үзэл бодлын үүднээс зарим тодорхой санал дэвшүүлж байна.Үүнд:

1. Боловсролын тухайд:

А. Гадаад, дотоодын судлаачид 2030 оноос ажлын байр 30-40 хувиар багасна гэж үзэж байгаа тул ажлын байраа өөрөө бий болгоод ажиллаж амьдраад  байх чадвартай буюу эрдэм болвсролтой хүнийг (хоосон мэдлэгтэй биш гараараа юм бүтээдэг хүнийг) бэлдэх тухай,

Б. Нийгмийн амьдралын олон салбарт хэрэгтэй байгаа мэргэжилтэй ажилчдыг их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн материаллаг бааз, багш нарын хүчинд тулгуурлан зуны эрчимтэй сургалтаар бэлдэх, бэлдсэн мэргэжилтэй ажилчдаа ажлын байраар баталгаатай хангах зорилготой “Бид чадна” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх тухай,

В. Төрийн болон хувийнхаа мөнгөөр гадаадад өндөр эрдэм боловсрол эзэмшсэн залуусаа эх орондоо хөдөлмөрлөж эрдэм боловсролоо эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулах бололцоогоор хангахад чиглэсэн “Би монгол хүн” хөтөлбөр боловсруулан бодлогоор хэрэгжүүлэх тухай гэх мэтийг хичээн эрмэлзмээр байна.

2. “Ногоон хөгжил”-ийн бодлогын хүрээнд хүн бүхэн жил бүр ээждээ зориулан заавал мод тарьдаг бай агуулга бүхий “Ээж төгөл” байгуулах хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэх үйлсийг нам манлайлахыг хичээн эрмэлзмээр байна. Ингэвэл нийслэл, бусад хот, сум, суурин бүрт төдийгүй булаг шанд бүхний эхэнд жил бүр шинэ шинэ “Ээж төгөл” бий болно. Үүнд зардал огт гарахгүй. Манай нам энэ байтугай ажлыг удирдан зохион байгуулж ирсэн туршлагатай билээ.

3. Нийслэл, бусад хотод нүүрлээд удаж байгаа утаа, агаарын бохирдол, хүн амын хэт төвлөрөл, ажилгүйдэл, ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Мэргэжлийн засгийн газрын санаачлан хэрэгжүүлсэн эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх шийдвэрийг үргэлжлүүлэн “Цахилгаан хувьчлал” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж утаа, орчны бохирдлоос салах, өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд миний зүгээс дэвшүүлж тухайн үед УИХ-аас дэмжлэг авч байсан иргэд, орон нутагтаа буцан очиж амьдрах санаачлагыг дэмжин “Нутгаа зорьё” хөдөлгөөн өрнүүлэн нийслэл, бусад хот сууринд сүүлийн жилүүдэд шилжин иргэгсдийн төрөлх нутагтаа очин сайхан амьдрах эрмэлзлийг хөхүүлэн дэмжих бодлогыг боловруулан ажиллахыг хичээн эрмэлзмээр байна.

4. Хүн амаа эрүүл хүнсээр хангах бодлогын тухайд “Эмт хөрсний шимт ногоо” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэн аймаг, сум бүр хэрэгцээт хүнсний ногоогоо орон нутагтаа тарьдаг болгох замаар хүн амаа эрүүл хүнсний ногоогоор хангах ингэснээр тариалангийн бүс нутгууддаа ургуулсан хүнсний сайн чанарын илүүдэл ногоогоо экспортлох бололцоо бий болгохыг хичээн эрмэлзмээр байна.

5. Уламжлалт монгол арга ухаанд суурилсан сүргийн бүтцийг бий болгох, бэлчээрийн даацыг сайжруулах, малчдын орлогыг өсгөхөд чиглэсэн жил бүр 10 сая мал экспортлох “Амт төгөлдөр” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэн, толгой, шийр, цувдайгаар сайн чанарын хоол хийх арга технологи боловсруулахыг хичээн эрмэлзмээр байна.

6. Норвеги болон бусад орны сайн туршлагаар баялгийн сан байгуулах, уул уурхайн ашиглалтын хувьд Аргентин зэрэг орны сайн жишгийг авахын зэрэгцээ борлуулалт, үйл ажиллагааны бусад орлогоороо нийгмийн салбаруудыг санхүүжүүлэн нийгмийн захиалга, үүрэгтэйгээр стратегийн 4-5 ордыг дотоодын компаниуддаа эзэмшүүлэх “Баялгийн буян” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг хичээн эрмэлзмээр байна. Тухайлбал, нэг орд боловсрол, соёл, урлаг, спортын салбарт, нэг орд эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, нэг орд ХАА, тариалангийн салбарт жил бүр одоо төсвөөс олгож байгаа санхүүжилтээс эхэн үедээ дутуугүй, алсдаа 2-3 дахин их мөнгө өгдөг байхаар стратегийн орд эзэмших компаниудыг үүрэгжүүлнэ гэсэн санаа. Ингэвэл бусад салбарт хуваарилах мөнгөний хэмжээ нэмэгдэх бөгөөд энэ нь олон асуудлыг шийднэ. Энэ санаа Монголын баялгаа Монголдоо шингээх, монгол хүн эх орныхоо байгалийн баялгаас жигд, хүртээмжтэй хүртэх боломж, манай улсын хөгжлийн шинэ арга болж магад.

7. Төрийн албаны тухайд албан хаагчдыг сонгон шалгаруулдаг тогтолцоог ил тод болгохыг хичээн эрмэлзмээр байна. Тухайлбал, хүнээс үл хамаарах “Мэргэжил, Чадвар, Сэтгэл” гэсэн олон нийтэд ил тод байх шалгаруулалтын шинэ арга механизмыг бий болгож болно.

8. Сонгуулийн шударга байдлыг олон нийт хүлээж байгаа өнөө үед сонгуулийн үеэр мөнгө тараасан, бусдыг гүтгэсэн нэр дэвшигчийн нэрийг шууд татдаг байх заалтыг сонгуулийн хуульд оруулж, бусдыг гүтгэж хасуулсан нь сонгуулийн дараа тогтоогдвол тэр намаас нэр дэвшин ялсан хүний оронд нөгөө нэрээ татуулсан хүнийг шууд сонгодог, нэг удаагийн сонгуулиар хүн гүтгэсэн, мөнгө тараасан нь нотлогдсон намыг дараагийн сонгуульд оруулдаггүй байх гэх мэт санааг хуульчлах санаачлагыг манай нам хэлж гаргах хэрэгтэй байна. Энэ санаа шударга ёсонд нийцнэ, олон түмний дэмжлэг хүлээнэ.

Жич: “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн төслийн төгсгөлд “Хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бодлого зорилтыг сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бусад баримт бичигтээ тухай бүр тусгана” гэсэн байгаа боловч чухам юу байх нь тодорхойгүй болохоор гишүүд, дэмжигчид, ард түмэнд ойлгомжгүй хэвээр далд үлдэж байна. Иймд дээр өгүүлсэн сана болон энэ мэт бусад санааг ил тод тусгах нь зүйтэй болов уу. Ингэх нь энэ мэт олны дэмжлэг, талархал хүлээх санааг нам мөрийн хөтөлбөрөөрөө эзэмшиж авах, үндсэн санаачлагч нь болох ач холбогдолтой дээр намд итгэх ард түмний алдраад байгаа итгэлийг тодорхой зоримог, шинэлэг зорилтуудаараа сэргээх, тэр хэрээрээ хариуцлагатай ажиллах эрч хүчийг нам өөртөө олж авахад хэрэгтэй санагдана.