Б.Саранчимэг: Улсын төсөвт анх удаа хүүхэд хамгаалалд таван тэрбум тусгагдлаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллах болэо гэж тамэдэндсэн. Энэ чиглэлд ямар ажлууд хийж байгаа вэ?
-Монгол улсад бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг ихсэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал боллоо. Өнөөдрийн байдлаар хууль эрхзүйн орчин харьцангуй сайжирсан нөхцөлд УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай талаар аравдугаар сард санал гаргасны дагуу ажлын хэсэг байгуулаад, идэвхтэй ажиллаж байна. Ажлын хэсэг Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай болон бусад холбогдох хуулиудыг хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, энэ чиглэлийн байгууллагуудыг үйл ажиллагаатай танилцаж, санал дүгнэлт гаргана. Энэ талаар УИХ-ын зүгээс ямар хамтын ажиллагаа, дэмжлэг байж болох талаар холбогдох байгууллагуудаар явж танилцлаа.
Тус байгууллагуудын хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн гол бэрхшээлд мөнгө санхүү байхгүйг тоочиж байна. Тийм учраас 2018 оны улсын төсөв хэлэлцэх үед ажлын хэсгийнхэн санал гаргаж, хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжилтэд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгаж чадлаа.
Энэ нь урьд өмнө нь байгаагүй санхүүжилт. Мэдээж санхүүжилтээс гадна боловсролын хөтөлбөрт нөхөн үржихгүй ойлголтыг оруулах шаардлагатай. Цаашлаад энэ мэдээллийг ойлгуулж, сурталчлах түгээх, анхан шатны нийгмийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал.
Бэлгийн хүчирхийллээс гадна өсвөр насны хүүхдүүд нийгмийн сүлжээ, сургуулийн орчинд бие биенээ гүтгэх гутаах доромжлох үзэгдэл нь амиа хорлолтод хүргэж байгааг гэмт хэргийн статистик нотолж байна.
Мөн зарим багш нар, төлбөртэй хувийн сургуулийн сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн биед халдаж, зүй бус харилцаж байгаа мэдээлэл ч бидэнд ирсэн.
Энэ мэт хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалах 108 дуудлагын утас ажилладаг, тэднийг хамгаалж өмгөөлөх туслалцаа авахаар хандах боломж нөхцөлийг хүүхдүүд мэддэггүй юм байна. Бид энэ чиглэлд анхаарч ажиллах болно.
-Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ажиллагаатай танилцсан гэсэн. Доголдол бэрхшээл нь юу байв?
-Тус хүрээлэнгийн онцлох ажил нь нэг цэгийн үйлчилгээний төв. Харьцангуй шинэлэг техник технологитой, орчин нөхцөл боломжийн ажиллаж байна. Нэг цэгийн үйлчилгээнд хэрхэн, яаж хандахаа иргэд тэр бүр мэддэггүй нь анзаарагдсан.
Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар насанд хүрээгүй иргэдийг үнэ төлбөргүйгээр үзлэг шинжилгээнд хамруулах тушаал гарсныг иргэд маань мэдсэн байх. Мөн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Бэрхшээл хүндрэлээр мөнгө санхүүгийн гачигдлыг тоочсоныг улсын төсөвт тусгуулж ажиллаа. Хүний эрхийн үндэсний комисс дээр очиж ажилласан байгаа.
Эдгээр байгууллагуудад ажиллахад хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн хуульчийн зөвлөгөө мэдээллийг хэвлэл мэдээллээр сурталчлах хэрэгтэйг холбогдох ажилтнууд хэлж байсан. Гэмт хэрэг гарсны дараа биш, гарахаас сэргийлж ажиллах нэн шаардлагатай.
-Хүүхдэд ээлтэй төсөв уриалгыг эмэгтэй гишүүд гаргасан нь үр дүнд хүрчээ. 2018 оны улсын төслийн өөр онцлог юу байна?
2018 оны улсын төсөвт өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж баталсан хуулиуд болон бусад бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тусгаснаараа нэлээд онцлог болсон. УИХ хууль баталчхаад, хэрэгжилтэд шаардлагатай төсөв хөрөнгийг мартдаг байж болохгүй. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлэн нэмэгдүүлэх, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж, нийгмийн баталгааг сайжруулах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээнүүдийн санхүүжилт тусгагдсан.
-Агаар орчны бохирдлыг бууруулахад 17.9 тэрбум төгрөг зарцуулна. УИХ-ын чуулганд та энэ тухай саналаа хэлж байснаа тодруулахгүй юу?
-Тийм ээ, 2017 оны төсөвтэй харьцуулбал 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Ихэвчлэн богино, дунд хугацаанд нэг удаа авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд байна лээ. Энэ чиглэлд урсгал зардалд их хэмжээний мөнгө зарцуулаад үр дүн гарахгүй байгааг олон жилийн үйл ажиллагаа харуулж байна. Урт хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бодитой, үр дүнгээ өгөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Агаарын бохирдолд маш их хөрөнгө зарцуулаад байхад яагаад дорвитой үр дүн гарахгүй байна, цаашид ямар араг хэмжээ авах шаардлагатай байна гэдэг дээр томоохон дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна гэсэн саналуудыг би гаргасан.
Мөн миний байнга ярьдаг нэг асуудал бол ногоон байгууламж. Их хэмжээний хөрөнгө зарцуулахгүйгээр агаарын, хөрсний, усны бохирдлыг бууруулах нэг арга хэмжээ бол хот, суурин газрын ногоон байгууламж нэмэгдүүлэх явдал. Энэ бол олон улсад үр дүнгээ өгч байгаа арга.
Энэ асуудалд анхаарлаа хандуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх саналыг Засгийн газарт өнгөрсөн жил хүргүүлснээр Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болсон байгаа.
Ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийг нь алдагдуулахгүйгээр сэргээн байгуулах ажлыг эхлүүлж айгаа. Сүүлийн үед цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барилга барих, тус хүрээлэнгийн статус нь тодорхойгүй, санхүүжилтийн хомстлоос үйл ажиллагаа нь саарах байдалтай байгаа. Иймээс хүрээлэнгийн хамт олонтой хамтран сэргээн байгуулахаар ажиллаж байна.
-Цаашид ямар ажлыг төлөвлөж байна вэ?
-Ажлын хэсгийн үр дүн илүү гарах ёстой. Цаашид Дорноговь аймгийн Замын-Үүд, цагдаа, хилийн байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, гэмт хэргийн золиос болох явдал багагүй байгаа учраас Хүний эрхийн дэд хороотой хамтран БНХАУ-ын Эрээн хотод ажиллахаар төлөвлөж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх хэрхэн хангагдаж байгаа талаар болон суралцаж байгаа орчинтой танилцахаар нийслэлийн 29, 110 дугаар тусгай дунд сургуулиудад ажиллана. ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгж, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцана.
-Та УИХ-ын хамгийн том тойргоос сонгогдсон. Баянзүрх дүүрэгт ямар санхүүжилт шийдүүлж чадсан бэ?
-Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хороод болон дүүргийн хэмжээнд зарим арга хэмжээний санхүүжилтийг тусгасан. Дүүргийн хэмжээнд Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж авах, 97 дугаар сургууль, “Шавь цогцолбор” сургуулийн өргөтгөлийн санхүүжилт, 150 ортой цэцэрлэг шинээр барих, хүүхэд залуучуудад зориулсан сагсан бөмбөгийн болон тоглоомын талбай, ахмадуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай байгуулах зэрэг арга хэмжээний санхүүжилт тусгасан байгаа. Цаашид Нийслэлийн удирдлагуудтай хамран ажиллаж, Баянзүрх дүүргийн тулгамдсан асуудлуудад илүү анхаарал хандуулж ажиллана.