Өнөөдөр /2017.11.23/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргажээ.
Танилцуулгын дараа асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 87.2 хувь нь дэмжлээ.