Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй
2017.12.05

Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим сумдад зун гандуу байсан, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, зудын байдалд ороод байна. 

Өвөрхангайн сумдын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон борооны араас цас дарсан нь өвөлжилт хүндрэх нэг том шалтгаан болжээ. Зам даваа, өвөлжөө бууц цасанд дарагдаж том оврын туулах чадвар сайтай машинаас өөр унаа явах боломжгүй тун ч хүнд нөхцөлд орсон сумдынхан өвс бэлчээр гэхээсээ илүүтэй цасны нимгэнийг бараадаж нүүж суухаас аргагүйд хүрсэн байна. Тууврын ая даах бод голдуу малаа аваад гарсан гэх малчидтай замдаа таарсан. Тэд хаана хүрч буухаа мэдэхгүй явна, юутай ч цаснаас гаръя л гэж зорьж явна гэцгээж байв.

Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл сумынхан хөрш зэргэлдээ Сант, Баянгол, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын нутагт өвөлжиж байгаа бөгөөд Дундговь аймагт л гэхэд эдгээр сумдаас 57 өрхийн 43 мянган мал отроор очсон нь  чамгүй их хүндрэл учруулаад байгаа аж. 

Отроор очсон малчдад цаг агаарын хүнд нөхцөлд малынхаа аяыг харж олон хоног урт зам туулахаас гадна очсон хойно нь элдэв хураамж төлбөр нэхэх, хөөж туух зэргээр дарамт ирдэг.

Тиймээс аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, малчдад учирч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээр отрын бүс нутагт ажилласан С.Чинзориг сайдтай хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг яамныхаа газрын дарга нарыг дагуулан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд Засгийн газрын гишүүд Өвөрхангай, Дундговь аймгийн нутгийн зааг дээр хоёр аймгийн удирдлагууд, хөрш зэргэлдээ сумдын Засаг дарга нарыг урьж уулзсан юм.

Нутгийн зааг дээр болсон уулзалтад ирсэн Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд “Улсын хэмжээнд хамгийн олон буюу 5,2 сая толгой мал тоолуулсан Өвөрхангай аймгийн нийт долоон суманд цаг хүндэрч, зудын байдалтай байгаа. Үүнээс шалтгаалан 1,1 сая толгой малыг өөрийн аймгийн сумдад өвөлжүүлэхээр болсон. 150 өрхийн 170 гаруй мянган мал гадны аймагт оторлохоос өөр аргагүй байна. Отроор малчид олноор очиж байгаа сумдад сургууль, эрүүл мэндийн байгууллага, хэв журам сахиулах цагдаагийн албаны ачаалал нэмэгддэг учраас энэ чиглэлийн зардлыг өөрийн аймгаас оторчид авсан Дундговийн сумдад өгч болно. Худаг ус, бэлчээрийн даац гээд хүндрэлтэй асуудал олон гарахыг ойлгож байна. Гэхдээ нүүж очсон айлуудыг хөөж туух, малыг нь элдэж хөөх зэрэг үйлдэл сүүлийн үед газар авах төлөвтэй боллоо. Нүүж очсон малчид нутгийн иргэдтэй өвөлжөө бууц ашиглах тохиролцоог 1,5-2,0 сая төгрөгөөр хийж байгаа. Гэтэл дээрээс нь сум орон нутаг нь нэмж малын тоо толгой бүрээс төлбөр авна гэх нь малчдад эдийн засгийн хувьд маш хүнд тусч байгаа тул энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна” хэмээсэн.

 Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ говьд цас зудны аюулгүй, өвөлжилт гайгүй байгаа ч гадны аймгаас ирсэн малын хөлд бэлчээр талхлагдаж, хаваржилт хүндрэх болгоомжлол байгааг дуулгаад “Одоогийн байдлаар манай Дундговьд гадны аймаг сумын 240 өрхийн 252 мянган толгой мал ороод ирчихсэн байгаа. Энэ тоо хоног хоногоор нэмэгдэж байгаа бөгөөд бидний хамгийн их болгоомжилж байгаа нь малын халдварт өвчин. Ялангуяа Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумаас мал оруулахгүй гэсэн бодлого барьж байгаа. Өвөрхангай аймгийн хувьд энэ тал дээр харьцангуй эрүүл бүс, санаа зовох зүйл багатай ч бид ирж байгаа малчдаас малын эрүүл мэндийн дэвтрийг шаардаж, үзлэг шинжилгээ, вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг тодруулж, мал нь эрүүл гэсэн баталгааг авч байж нэвтрүүлнэ. Нэгэнт ороод ирсэн малыг хөөж туух хэцүү ч нутгийн гүн рүүгээ оруулахад хүндрэлтэй. Манай өөрийн сумдад ч бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрчихсэн. Ийм нөхцөлд гадны аймаг сумаас бод голдуу мал олноор оруулах нь хаваржилт хүндрэх эрсдэл учруулж байгаа болохоор нэмж мал авмааргүй байна” гэж байлаа.

Малчид ч өвөлжилт хүндэрсэн, зуншлага муу байснаас хадлан муу авсан болохоор өвс тэжээлийн нөөцгүй, багахан нөөцөө эхний цаснаар барж дуусахад хүрч буйгаа учирласан. 

Аймаг, сумын Засаг дарга нарын саналыг сонсч, уулзалтад ирсэн малчидтай ярилцсан  С.Чинзориг сайд хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ гэдгээр хөрш аймаг сумынхан санаа нэгтэй амьдарч, зовж зүдэрсэн цагт нэг нэгэндээ сайхан сэтгэлээр тусалдаг монгол уламжлалын дагуу асуудалд хандах учиртайг нутаг нутгийнхандаа ойлгуулж, хэдэн малаа туугаад очсон нэгнийгээ элдэв төлбөр хураамжаар дарамтлахгүй байх талаас нь анхаарч ажиллахыг хүслээ.

Сум орон нутгийн санаачлагаар төлбөр авах, иргэдийг хөөж туух үйлдлийг гаргахгүй байхыг онцгойлон сануулахын хамт отрын бүс нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдэхэд анхаарч ажиллахаа хэлсэн. Мөн отроор малчид нь яваа сумдын удирдлагыг иргэдээ ойр ойрхон эргэж тойрч байхыг анхааруулсан юм.  

Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Дундговь амйгийн удирлага, сумдын Засаг дарга нар, ХХААЯ, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албаныхан хоёр аймгийн нутгийн зааг Баянгийн нуруунд хийсэн уулзалтаас өвлийг мэнд давахын тулд отроор очиж байгаа хөрш зэргэлдээ сум орон нутгийн малчдаас иргэд хоорондын тохиролцооноос өөр ямар нэг төлбөр хураамж авахгүй байхыг Дундговь аймгийн удирдлагуудад, отрын мал, малчдыг олноор авч өвөлжүүлж буй сумын эмнэлэг, цагдаагийн байгууллага, сургуулийн ачааллаас хуваалцаж тодорхой зардлыг шийдвэрлэж ажиллахыг Өвөрхангай аймгийн Засаг даргад үүрэг болголоо.