Я.Содбаатар: Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутмаг байна
2017.12.06

Я.Содбаатар: Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутмаг байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай болон хол­богдох бусад хуулийн төслийн эц­сийн хэлэлцүүлгийг хийх үеэр ги­шүүдийн дунд нэлээд маргаан үүс­сэн. Уг маргаанаас үүдэн МАН-ын бүлэг завсарлага авсан уу. Та бүхэн саналаа нэгтгэсэн үү?

-Нэгтгэсэн.

-Дээрх хуулийн төслүүдийг улс­төр­жилтийг дэврээсэн, цөөн бүлэг хү­мүүст зориулж батлах гэж байна хэ­мээн шүүмжилж байсан. Зарим нь хуулийн төслөө татах хүртэл санал гаргаж байсан шүү дээ?

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн нэгжийн тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах асуудал сүү­лийн жилүүдэд нэлээд яригдсан. Орон нут­гийн сонгуулиар сонгогдож байгаа Иргэ­дийн төлөөлөгчдийн хурлын гу­равны нэг нь / 3/1/ төрийн захиргаа, тө­рийн алба хашиж болно гэж байгаа. 2008 он хүртэл хязгаарлалтгүй явж ир­сэн. 2012 он хүртэл гуравны нэг байна гэсэн заалт орж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд хуульгүй ч гэсэн орон нутагт Иргэдийн хурлын төлөөлөгчид төрийн захиргаа, төрийн албыг давхар хашиж бай­сан. Тэгэхээр бодит амьдрал дээр ийм шаардлага байна гэдэг саналыг орон нутгаас их тавьдаг. Учир нь орон нутгийн сонгуульд оролцож байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чадав­хийн асуудал хөндөгддөг.

Түүнч­лэн, 2008 онд төрийн алба хаагчдыг улс төрөөс ангид болгосон. Энэ нь өөрөө эргээд аймаг, сумын ИТХ-ын чадавхийг нэлээд сулруулсан байна гэж үздэг. Түүнчлэн хөдөө, орон нутагт цөөн тоо­ны сэхээтэн байдаг. Гэтэл эмч, багш нь сонгуульд нэр дэвших эрхгүй.

Тэ­гэхээр аймаг, сумын тамгын газарт ажилладаг цөөн тооны хүмүүс эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, малчид нэр дэвших эрхтэй байдаг. Тэгвэл тухайн орон нутагт байгаа сэхээхэн болон боловсон хүчнийхээ чад­варыг дайчлан ажиллах үүднээс хуу­лийн ийм зохицуулалтыг хийж өгөх зайлшгүй шаардлага байна. Ер нь энэ асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх ёстой.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэний нэг тод жишээ бол энэ. Үндсэн хуульд сумын Засаг дарга, ИТХ-ын статусыг на­рийн тусгаж өгнө. Өнөөдөр маш олон шат дараалсан сонгууль явагдаж бай­на шүү дээ. Түүнийгээ дагаад хө­дөө, орон нутагт хоёр жил орчим улс­төржилт явагдаж байна.

-Эрх зүйн хувьд тулгамдсан асуу­дал байгаа ч улстөржилтийг дэв­рээсэн хууль болчих юм биш үү?

-Өнөөдрийн Үндсэн хуулийн нөхцөл байдал, бодит амьдралд нийцүүлэн үүнээс өөр шийдэл олоход хүнд байна. Гэхдээ энэ нь бас төгс шийдэл биш шүү дээ. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулж байж, цаашид төр за­хир­гааны хуваарилалтаа эргэж ха­рах хэрэгтэй.

Удирдлага зохион бай­гуу­лал­тыг хэрхэн томилдог байх вэ, энэ асуу­далд ард түмний оролцоог хэрхэн хангах юм бэ. Түүнчлэн нийгмийн давхаргын төлөөллийг яаж хангах вэ гэх мэт зүйлийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Гэвч одоогийн нөх­цөл байдалд түр аргацаах маягаар ийм зохицуулалтыг хийж байгаа нь үнэн.

Гэхдээ үүнээс өөр шийдэлгүй бай­на. Ма­гадгүй Үндсэн хуулийн өөрчлөл­тийг хийгээд, уялдуулаад явах нь зөв хувилбар байж болно. Түүнээс энэ асуудалд улс төрийн аль нэг нам ашиг харсан, жалга довны үзлийг дэврээсэн зүйл үгүй. Өнөөдрийн бодит амьдралд нийцүүлэхэд ийм байна.

Хүн ам багатай суманд их хэцүү. Харин хүн ам ихтэй байвал арай учиртай шүү дээ. Тухайлбал, сургууль, эм­нэлэг, захиргаа тойрсон хэсэг бүлэг сэ­хээтэн байгаа. Эдгээр хүмүүсийг ИТХ-ынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролц­дог, боловсрол мэдлэгээ дай­чилж, нутаг орныхоо хөгжилд хувь нэ­мэр оруулдаг, ажилладаг байхыг л бо­дож байна.

-Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль гэх мэт хэд хэдэн хуулийн 30 гаруй зүйлийг зөрчсөн гэж үзэж бай­гаа. Ийм байхад уг хуулийн төс­лүүдийг зүтгүүлээд байгаа нь хэр зөв алхам юм бэ дээ?

-Ийм зүйл байхгүй. Энэ зохицуулалт шинэ зүйл биш шүү дээ. 1990-2008 он хүртэл ямар ч зохицуулалтгүй явсан.

-Та Үндсэн хуульд зайлшгүй өөрч­лөлт оруулах шаардлагатай гэж ярилаа. Тэгсэн хэрнээ Мон­гол Улсын засаг захиргаа, ну­таг дэвсгэрийн нэгж, түүний удирд­лагын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай болон холбог­­дох хуульд өөрчлөлт оруулах гээд МАН-ынхан зүтгэж байна. Хэрвээ өөрчлөлт оруулах шаардлагатай, Үнд­сэн хуультайгаа нийцүүлэх хэ­рэг­тэй бол гол хуулиа эхлээд батлах ёс­той байх. Харин түүний дараа энэ асуудлыг хөндөх нь зүйтэй юм биш үү гэж хараад байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт орлоо гэж үзэхэд дор хаяж дөрвөн жилийн хэ­­рэг­жинэ. Тэгэхгүй бол тухайн үед өөрчлөлт оруулсан парламент өөрс­дийнхөө эрх ашгийг тусгасан бай­хыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, одоо­гийнхоо парламентын бүрэн эрхийг хоёр жилээр сунгамаар байна гэж бол­но. Тиймээс бид Үндсэн хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах асуудлаар аж­лын хэсэг гаргаад ажиллаж байна.

Энэ хүрээнд өөрчлөлт орсон Үндсэн хуу­лийн хэрэгжих хугацааг 2020 оноос хойш гэж үзэж байгаа. Өөрөөр хэл­бэл, энэ парламентад хамаагүй гэсэн үг. Парламентын хугацаатай ха­маа­руулаад эхэлбэл, өөрсдийнхөө эрх ашгийг хангасан гэх хардлага үүсэх, зөрчилтэй шийдвэр гаргахыг үгүйс­гэхгүй.

Тиймээс өөрч­лөлтийн асуудлыг хугацааны хувьд хойшлуулж өгсөн нь зөв алхам. Өөрч­лөлт орсон Үндсэн хуулийг хүлээхгүй, то­дорхой хэмжээний өөрчлөлт, хэрэг­жилт, зохицуулалтыг хийгээд явах нь зөв алхам болно гэж харж байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх гээд байгаа асуудал нь өөрөө хардлага дагуулж байгаа шүү дээ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асууд­лыг нэн яаралтай хийх нь зүйтэй. Өнгөрсөн 25 жилийн Монгол Улсын түүхээр авч үзье. Манай улсын төр зас­гийн байгууллага, ямар алдаа гаргасан бэ.

Ард иргэдийн амьдрал дээшлэхгүй бай­гаа шалтгаан нь юу вэ. Засаглал, эрх мэдлийн хуваарилалтад ямар алдаа гаргав гэдэг асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх ёстой. Магадгүй эдгээр асуудлаа засаад ирэх 20-25 жи­лийн хугацаанд Монгол Улсыг авч явах хэмжээний нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага бий.

Бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд алдаа оноогоо мэдлээ шүү дээ. Тэр дундаа гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутмаг байна. Цаашид хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоог оруулж ирэх.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хяз­гаарлалтыг яаж хийх юм бэ. Одоо­гийн байдлаар Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэг харахад хүчтэй юм шиг. Нө­гөөтэйгүүр, Ерөнхий сайдын бод­логотой олон зүйлээрээ давхцаж байна.

Нэг ёсондоо Монголын төр цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах, улс­төр­жилт багатай байх ямар боломж байх юм бэ. Түүнчлэн тодорхой ажил хийдэг, шийдвэр гаргадаг механизмаа эргэж харах цаг болжээ. Өнөөдөр шийд­вэр гаргадаг механизм байхгүй бол­чихлоо.

Аль, аль шатандаа үгүй бол­сон. Бараг хэн шийдвэр гаргах нь тодорхойгүй шахам явж байна. Шийд­вэрээ гаргахгүй болохоор асуу­дал нь шийдэгдэхгүй. Асуудал нь ший­дэгдэхгүй хуримтлагдаад байна.

Ху­римт­лагдсан асуудал нь уул овоо шиг бол­сон учраас хаанаасаа ажлаа эхэлж, юугаа шийдвэрлэх вэ гэдгээ шийдэж ча­дахгүй байна. Тиймээс хөгжлийн томоохон асуудлуудаа шийдэхэд харь­цан­гуй улс төр багатай явдаг.

Ингэж зөв явдаг олон улсын жишиг ч байна. Эрх мэдлийн зөв хуваарилалт хийсэн механизмыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай хийх ёстой юм. Ард түмэн түүхэн сонголт хийсэн энэ цаг үед Үнд­сэн хуулийн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Олон нийтэд дордуулсан долоон өөрчлөлт шиг болчих вий дээ гэсэн айдас байгаа. Хэдийгээр өөрчлөлт орох шаардлага байсан ч хэтэрхий яаравчлаад байх шиг санагдаад байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмнээс өгсөн саналд тулгуурлаж байгаа. Энэ зарчмыг барьж ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээд хэдэн удаа эрдэмтэн судлаач, хууль­чид, ард иргэдийн дунд хэлэл­цүү­лэг өрнүүлсэн. 300 гаруй мянган ир­гэнээс санал авсан. Иргэдээс ирсэн са­налыг ажлын хэсэг нэгтгээд явж байгаа. Шаардлагатай бол бүх нийтийн санал асуулга явуулна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ болон Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа хүмүүсийн насны босгыг дээшлүүлэх үү. Улс төрд мэргэшиж, туршлагажиж ирэх үедээ ажлаасаа чөлөөлөгддөг. Эр­гээд улс төр рүүгээ мацах шалтгаан нь болдог. Нөгөөтэйгүүр, хэтэрхий залуу хүн улс төрд орж ирээд турш­лагагүйтэх, өөрөө болоод өрөөл бус­дын нэр хүндийг сэвтүүлж бай­на. Өөрөөр хэлбэл, та бүхэнтэй харь­цуу­лахад өсвөр насны хүүхдийн авир араншин гаргаад байгаа юм шиг харагдах юм. Та хэнийг хэлээд бай­гааг надаар хэлүүлэлтгүй мэдэж бай­гаа байх?

-Янз бүрийн санал гарч байгаа. Олон­хийн саналаа тусгаад нэгтгэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал таван хүрээнд хийгдэнэ. Цаашид Монгол Улс парламентын засаглалаа улам бо­ловс­ронгуй болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийн хуваарилалт, шийдвэр гар­гах чадамжийг дээшлүүлнэ.

Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тодор­хой хязгаарлалтыг хийхээр яригдаж бай­гаа. Дараа нь засаг захиргаа, ну­таг дэвсгэрийн хуваарьтай хол­боотой асуудлыг шийднэ. Шүүх бо­лон прокурорын байгууллагын то­мил­гооны асуудлыг эргэж харна. Одоо бол Ерөнхийлөгчийн мэдлийн бай­гууллага юм шиг яваад байгаа.

Улмаар эдийн засаг болон санхүүгийн ме­ханизмаа харна. Зах зээлийн ний­гэмд шилжсэнээс хойш Үндсэн хуу­лийн төвшинд асуудлыг яаж тавих вэ. Хувийн өмч болон өмчийн эрхийн хам­гаалалтаа яаж хийх юм бэ гэхчилэн асуудлыг шийднэ. Эдгээр асуудлын хүрээнд өөрчлөлт орно.

УИХ болон Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн насны босго болон бусад асуудлыг өндөрсгөх шаардлага бай­на. Энэ асуудлыг Үндсэн хуулийн тодорхой нэг өөрчлөлтийн хүрээнд хийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар яаралтай хийх зайлшгүй шаардлага байна.

-Та дордуулсан долоон өөрчлөлт шиг зүйл болохгүй байгаа гэсэн асуултад хариулсангүй?

-Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр 1999 онд хийсэн долоон өөрчлөлтөөр төсөөлөөд байна. Түүнчлэн энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэдэг саналыг ч олон нийт хэлж байгаа.

Гэхдээ тухайн үед хийсэн өөрчлөлтүүд үүргээ гүйцэтгээд л өнгөрсөн. Тэр үед зайлшгүй өөрчлөх шаардлага бий болсон. Тэдгээр өөрчлөлтөд алдаа, оноо аль, аль нь байгаа.

Тухайн үед хийсэн өөрчлөлтөөр Монгол Улсад зөвшилцлийн ардчилал гэдэг зүйл бий болсон. Түүнчлэн хоёр том гүрний дунд амьдардаг, цөөхөн хүн амтай манай улс сонгодог парламентыг байгуулахад илүүтэй анхаарах ёстой.