Байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь нь дэмжив
2010.12.24

Байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь нь дэмжив

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар  зарим байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг эхлээд хэлэлцлээ.

Байнгын хороодын дарга нарт нэр дэвшигчдийн тухай Байнгын хороодын санал, дүгнэлтүүд, танилцуулга хийгдэж дууссаны дараа асуулт хариулт өрнөв.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ, сүүлийн үед төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг турхирах, нийгмийг мөргөлдөөнд уриалах явдал эрээ цээргүй ил тод боллоо. УИХ-ын гишүүн хүртэл зарим хариуцлагагүй яриа, мэдэгдэл хийж байгаа хууль бус үйлдэлд бид шийдвэртэй арга хэмжээ авч байх ёстой. Ж.Сүхбаатар, Д.Одбаяр нараас  асууж байна. Ийм хууль бус зүйлийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч чадах уу? гэлээ.

 

Монгол төрийн тогтвортой байдалтай холбоо бүхий энэ асуудалд гишүүд анхаарах ёстойг энэ үеэр мөн Спикер анхааруулж байлаа.

 

Асуултад гишүүн Ж.Сүхбаатар хариулахдаа, бид  Үндсэн хуульт байгууллыг дэмжиж түүнийхээ үр шимээр ажиллаж, амьдарч  яваа хүмүүс л дээ. Энд тэнд иргэний хувиар хэлсэн үгэндээ мэдээж хариуцлага хүлээх ёстой, одоо энэ танхимд биднээс өөрсдөөс маань их зүйл хамаарна. УИХ-ын гишүүн биднээс хамааралтай зүйл их байдаг, тэгээд бид нөхөр ёсоор хэлэх, Монгол төрийн байгууллын төлөө хичээн зүтгэх ёстой, би ч тангараг өргөсөн, түүнийхээ төлөө ажиллана гэж бодож байгаа гэлээ.

 

Харин Э.Бат-Үүл гишүүний асуултад гишүүн Д.Одбаяр хариулахдаа, УИХ-ын гишүүд бид өөрсдөө үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй. Энд байгаа уур амьсгал гадагшаа үйл явцад нөлөөлөх нь байдаг.  УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдгийг бид бас өмнө нь ярьж хэлэлцэж байсан. Миний хувьд жишээ хэлэх боломж одоогоор алга байгаа, мэдээж хууль ёсны төлөө явна  гэлээ.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл дахин тодруулга хийхдээ, төрийн төлөө ажиллаж байж төрийн эсрэг үг хэл, нийгмийг турхирсан үйлдэл гаргаж байгаа нь буруу. Үүнийхээ төлөө хохирсон нийгэм, ард иргэд, улс орон байж л байна гэж байлаа.

 

Харин Н.Ганбямба гишүүн яагаад өнөөдөр дөрвөн байнгын хорооны даргыг хэлэлцээд байгаа юм бэ, бусад үлдсэн гурав нь хаана байна вэ. Цувуулаад дараа хэлэлцэх юм уу, УИХ-аар бүр тоглодог болж байна гэж байв.

 

Гишүүн Ч.Сайханбилэг хэлэхдээ, ийм асуудлыг хөндөж байгаад харамсаж байна. Ер нь энэ асуудалд бид нухацтай хандаж, бүлгийн гишүүдийн ирц бүрдсэн үед хэлэлцье гээд УИХ-ын даргад хандаж чөлөө хүссэн тухайгаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн С.Баярцогт хэлэхдээ, нэр дэвшигчдийн намтар зэргийг бичиж цувруулахдаа байгаа зарим баримтыг  гуйвуулах, бодитой бус болгох вий гэсэн болгоомжлол байна гэв.

 

Ингээд санал хураалт явуулж, нэр дэвшигчдийг  батлах болоход  УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны даргаар Д.Очирбат 95,9 хувийн саналаар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Сүхбаатар 100 хувийн саналаар, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаяр 97,9 хувийн саналаар, Төсвийн байнгын хорооны даргаар Д.Хаянхярваа 97,8 хувийн саналаар тус тус дэмжигдлээ.

 

Үүний дараа УИХ-ын дарга тогтоолын төсөл уншиж танилцуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд байнгын хороодын дарга нарыг 100 хувь дэмжиж санал өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.