С.Эрдэнэ: Энэ бол гишүүдийг төөрөгдүүлэх гэсэн зохион байгуулалттай ажил
2010.07.09

С.Эрдэнэ: Энэ бол гишүүдийг төөрөгдүүлэх гэсэн зохион байгуулалттай ажил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуй нарыг албан тушаалаас нь түтгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх байв. Гэвч энэ асуудалд завсарлага авч хойшлуулсан юм.

Шалтгааныг нь тодруулбал Ерөнхий прокурорын хэргийг хэлэлцэх ёстой байхад УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа хэтрүүлэн, улсын хөрөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр шалгаж байсан хавтаст хэргийг дахин сэргээж Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд оруулсан нь хурлыг хойшлуулах шалтгаан болжээ.

Энэ нь хууль зөрчсөн хэрэг хэмээн гишүүд үзэж байв. Тухайлбал С.Эрдэнэ гишүүн " Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тараасан материал дотор нь санаатай, санаагүйг бүү мэд Гүндалайтай холбоотой материал гарч ирсэн. Үүнд Хууль зүйн байнгын хорооны ажлын алба хариуцлагагүй ажилласан. Уг нь Улсын Ерөнхий прокурорын ирүүлсэн бичгийг л тараах ёстой.

Байнгын хороо , нэгдсэн чуулганд асуудал оруулах эрх нь Улсын Ерөнхий прокурорт байдаг. Гэтэл АТГ-ын дарга Сангарагчаагийн гарын үсэгтэй бичиг, Гүндалайтай холбоотой бичиг гээд янз бүрийн бичиг баримтыг нэгтгээд, үдээд тараачихсан байгаа юм. Энэ бол зориуд гишүүдийг төөрөгдүүлэх гэсэн, цаанаасаа зохион байгуулсан ажил гэж би үзэж байна" гэсэн байр суурьтай байсан юм. Харин энэ талаар Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад "Хариуцлагагүй үйл ажиллагаа огт байхгүй. АТГ-ын дарга, дэд даргыг түтгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурор оруулсан.

Улсын Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг бас АТГ-аас тавьсан. Тэгэхээр манай байнгын хороонд цохогдоод ирсэн энэ асуудлыг нь хэлэлцүүлэхээр бид ажиллаж байна. Ямар нэгэн шударга бус асуудал байхгүй. АТГ-ын ирүүлсэн албан тоот, агуулгад тусгасан асуудлуудаар ард нь хавсаргачихсан 4, 5 хуудас материалууд бий. Тэр материалуудыг манай байнгын хороо оруулах ёстой. Түүнийг бид хасаж, нэмээгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.