С.Эрдэнэ: Авлигачдыг хаацайлж хамгаалдаг газар болж хувирчээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзлаа.
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа мэдэгдэл хийсэн. Энэ талаар та сонссон л байх?
-АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн мэдэгдэл, ярьсан зүйлийг сонин хэвлэлээс уншаад гайхаад л сууж байна. Хэрвээ тэр хүн гэм буруугүй юм бол яагаад ингэж бачуураад байн байн л намайг шахсан, дарамталсан гээд зарлаад байгаа юм. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, мөн Улсын Ерөнхий прокурор руу дайраад байгаа нь анхаарал татаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн байгууллага түүний албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж тов тодорхой заасан байдаг. Захирах, захирагдах зарчим ч төрийн хуулинд бий. Гэтэл Ч.Сангарагчаа төрийн алба хашиж байж би хэнд ч захирагдахгүй гэж хашгичиж төрийн ёс зүйг уландаа гишгэж байна. Хууль зөрчсөн эсэхээ шалгуулаад буруугүй бол ажлаа хийгээд явна шүү дээ. Ер нь Ч.Сангарагчаагийн удирдаж байгаа АТГ нь хэн нэгний улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болж хувирсан.
-Таныг улс төрийн зорилгоор хорьж шалгасан гэж үү?
-АТГ-ынхан намайг хэрэгтэн болгох гэж их оролдсон. Тус байгууллагын мөрдөн байцаагч бүр сүүлдээ харьяалалгүй зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд прокурор руу шилжүүлсэн юм. Мөн дарамталж ч байсан.
-Дарамт үзүүлж байсан гэдгээ тодруулахгүй юу?
-Би нэг жишээг татъя. Анхны шүүх хурал дээр Эрүүгийн тухай хуулийн 263. 2 зүйл заалтаар энэ хүнийг яллах үндэслэл алга, татгалзаж байна гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тухайн үед шүүх бас хууль бус үйлдэл хийсэн. Яагаад гэвэл Улсын яллагч яллахаас татгалзсан тохиолдолд тухайн хэргийг шууд хэрэгсэхгүй болгох ёстой байдаг. Ийм заалт ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-д бий. Гэтэл шүүх тухайн хэргийг хэрэгсэхгүй болгохын оронд нэмэлт мөрдөн байцаалт хийх нэрээр АТГ руу буцаасан юм. Гэтэл АТГ-ын байцаагч 2632 эрүүгийн хэрэг үүсгэснийг хүчингүй болгонгуутаа 150.3 заалтаар зүйлчилж ял сонсгосон. Энэ зүйл заалтаар АТГ хэн нэгэнд эрүү үүсгэн шалгах эрхгүй, харьяалалд нь ч хамаардаггүй юм. Тус байгууллагын байцаагч Одхүү 150.3-аар эрүүгийн хэрэг үүсгэхэд нь хууль зөрчиж байгааг сануулахад "Би мэдэхгүй, дээрээс үүрэг өгсөн" гэж хэлж байсан. Тэгээд тэр мөрдөн байцаагч надтай дахиж нэг ч удаа уулзаагүй, байцаалт аваагүй байж байгаад зүйл ангийг хүндрүүлээд шууд Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Энэ байдлаас харахад заавал намайг гэмт хэрэг-тэн болгох гэсэн улс төрийн зорилготой байсан. Ингээд болдоггүй юм бол хүнд зүйл ангиар чамайг хэн ч биш болгоно гэж зууж байгаа нь дарамт мөн биз дээ. УИХ-ын гишүүнээр сонгогдож, түр үнэмлэхээ авсан байхад баривчилж хориод ял оноогоод өмч хөрөнгийг битүүмжилж янз бүрээр оролдсон доо. Намайг яллахаас татгалзсан прокурорыг ажлаас халаад оронд нь сонгуулиар надтай өрсөлдсөн Н.Баяртсайханы нутаг болох Увсаас Насанбат гэдэг прокурорыг татаж авчран нийслэлийн прокурорт ажилд томилсон. Тэр хүн нь намайг яллаж байлаа. Ингэж улс төрийн захиалгаар хэлмэгдүүлэхийг хичээж байсан юм.
-Өршөөлд хамрагдсанаар таны хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэж мэдэгдсэн. Та цагаадсан гээд тайлбар хийгээд байсан байх аа?
-Намайг дахиад гэмт хэрэгтэн болгох оролдлогоо үргэлжлүүлж байна гэж ойлголоо. Яагаад гэвэл АТГ-ын дарга Ч.Сангарагчаа уржигдар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ сайд асан С.Отгонбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар өршөөлд хамрагдсан гэж мэдэгджээ. Би өршөөлд хамрагдаагүй. Тухайн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэг нь нотлогдсон тохиолдолд л өршөөл, уучлал үзүүлдэг юм. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны наймдугаар сард болсон хуралдаанаар миний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Шүүхээр хэрэг хийгээгүй гэдгийг нотлоод цагаатгасан байхад Ч.Сангарагчаа намайг өршөөлд хамрагдсан гэж олон түмэнд зарлаж байгааг ойлгохгүй байна. Зорилготойгоор ийм ташаа мэдээллийг цацаж байна.
-Та АТГ-ын даргад бичиг илгээж, мөн шүүхэд хандах гэж байгаа юм уу? ,»
-Миний нэр төрд халдсан учир гомдол ч гаргана, шүүхэд ч хандана. Эхлээд яагаад ийм мэдэгдэл хийсэн талаар Ч.Сангарагчаад асуулга тавина. Хэргийг цагаа гасан тогтоолыг ч хүргүүлнэ. Тэгээд ташаа мэдээлэл хийснээ залруулахгүй, уучлалт гуйхгүй бол шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ.
-Ч.Сангарагчаагнамынхарьяалал, улс төрийн даалгавраар ажилладаг гэж хэлэх гээд байна уу?
-Энэ хүн төрийн албан хаагч биш мундаг улс төрч юм байна. Улс төрийн захиалгаар энэ албанд томилогдсон юм байна гэдгийг ийнхүү мэдэгдэл хийхэд нь илүү сайн ойлголоо. Ер нь АТГ цэвэр тунгалаг байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ байгууллага ажлаа хийж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй. Ямар ч тайлан мэдээгээ өгдөггүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн гээд хэдэн хүүхэн авчирч байцаалаа. Өөр ямар ажил хийсэн юм. Жинхэнэ авлигачдаа илрүүлж чадаж байгаа юм уу. Төрийн хөрөнгийг хэдэн тэрбумаар идэж шамшигдуулж байгаа том авлигачдыг илрүүлдэггүй. Харин ч тэднийг илрүүлэх биш хамгаалахын төлөө ажиллаж байгаа юм биш үү. Энэ байгууллага үндсэн үүрэг, зорилгоосоо эсрэг ажиллаж байна. Шулуухан хэлэхэд авлигачдыг хаацайлж хамгаалдаг газар болж хувирчээ.