2010.07.09

Б.Бат-Эрдэнэ: Зарим асуудлыг тодруулах, нэмж материал авах шаардлага гарсан

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж Авлигатай тэмцэхгазрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаад түр завсарласан тул энэ талаар тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодруулга авсан юм.

-АТГ-ындаргаЧ.Санграгчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудал ямар шийдэлд хүрсэн бэ?

-Зургадугаар сарын 28-нд УИХ-д Улсын ерөнхий прокуророос АТГ-ын дарга, орлогч дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн. Асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэхийг хуульд заасан. Байнгын хорооны хуралдаанаар УЕП-ын танилцуулгыг сонслоо. Хуралдааныг цаа-шид үргэлжлүүлж, зарим асуудлыг тодруулах, нэмж материал авах шаардлага гарсан.

-Яагаад маш нууцын зэрэглэлд оруулж, хуралдааныг хаалттай хийж байгаа юм бол. Авлигын асуудал бол ил тод байх ёстой юм биш үү?

-Асуудал оруулж ирж байгаа байгууллага нь ямар зэрэглэлтэй байгааг тогтоож өгдөг. Маш нууцын зэрэглэлтэй орж ирсэн асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх ёстой.

-АТГ-ын даргад ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм бол?

-Прокуророос төсвийн мөнгийг зүй бус зарцуулсан, гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэсэн хоёр үндэслэл оруулж ирсэн. Энэ асуудлыг шалгадаг байгууллага тусдаа. УЕП, Тагнуулын ерөнхий газар хамтраад ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Харин эцсийн дүгнэлтээ гаргаагүй. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг нь өмнө нь шүүхийн шинжилгээний байгууллага шинжээч томилж шалган тодорхой дүгнэлт гаргасан.

-Хэрэв гишүүд үндэслэл хангалтгүй гэж үзвэл танай байнгын хороо асуудлыг буцааж болох уу. Түдгэлзүүлэхгүй байх үндэслэл байгаа юу?

-Асуудал яаж эргэхийг одоогоор хэлж мэдэхгүй. Хуулийн хүрээнд л асуудлыг шийдэх учиртай.

-Наадмаас өмнө хэлэлцэж, ямар нэг шийдвэр гаргаж амжих болов уу?

-Үдээс хойш шаардлагатай материалуудыг нь гишүүдэд ирүүлбэл цаг хугацааг нь зохицуулаад өгөх байлгүй дээ.

-Байнгын хорооноос албан тушаалаас нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргачихвал орны хүнийг хэд хоногийн дотор томилох ёстой вэ?

-Тэр бол дараагийн ээлжийн асуудал. Эхлээд хугацаанд нь энэ оруулж ирсэн асуудлыг хэлэлцэх ёстой. Нөгөө талаас АТГ-аас УЕП-ын байгууллагын тухай бичиг ирүүлсэн байгаа. УИХ-аас дээрх хоёр асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг үүрэг болгосон. Аль аль нь нууцын зэрэглэлтэй асуудал байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.