Бага орлоготой иргэдийг хэрхэн орон сууцтай болгох талаар зөвлөлллөө
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хороо, Хүн амын суурьшлын төв, Энэтхэг улсын үндэсний орон сууцны банк болон Монголын Ипотекийн корпораци хамтран "Бага орлоготой иргэдийн орон сууцны санхүүжилтийн асуудлууд" гэсэн сэдвээр үндэсний зөвлөлгөөнийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын бага орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн бодлогыг сайжруулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход төлөөлөгчдийн саналыг авах зорилгоор энэ уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм байна.
Энэ зөвлөгөөнөөс гарсан саналыг НҮБ-д хүргүүлэх Монгол Улсын тайланд тусгах аж. Улаанбаатар хотод л гэхэд нийт өрхийн 59.6 хувь нь гэр хороололд амьдарч байна. Утааг багасгаж агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг халаалттай, халуун хүйтэн устай, тохилог орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон сууцны барилга барих хөрөнгийг хэрхэн босгох талаар зөвлөгөөнд оролцогчид ярилцлаа. Азийн хөгжлийн банкнаас 28 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгож, Орон сууц хөгжүүлэх сан байгуулсан зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжжээ. Мөн одоо КfW төслийн 4.8 сая еврогийн зээлийг бага орлоготой иргэдэд зориулж Монголын Ипотекийн корпорацид олгох гэж байгаа юм байна. Гэхдээ энд тэнд ганц нэгээрээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байхаар энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд бүгд нэгдэж, хамтран ажиллавал илүү олон өрхийг орон сууцтай болгох боломж байна гэдэг дээр зөвлөгөөнд оролцогчид санал нэгдэцгээж байлаа. Энэ зөвлөгөөнд барилгын салбарынхны төлөөлөл, яам, тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Барилгын салбарын төлөөлөл бага орлоготой иргэдийг орон сууцтай болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна газрын болон дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэсэн саналыг дэвшүүлж байлаа. Ази, Номхон далайн орнуудын орон сууцны асуудал хариуцсан сайд нарын III уулзалт 2010 онд Индонез улсад болох юм байна. Индонез, Малайз зэрэг орон богино хугацаанд иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдэж чадсан юм. Монгол Улс дээрх орнуудын адил бага орлоготой иргэдээ орон сууцжуулах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.