Хүндрэлийг давах үе үеийн сайд нарын гаргалгааг Төрийн ордонд авч ирлээ
Өчигдөр Төрийн ордонд барилгын салбарынхан чууллаа. «Бүтээн байгуулалт-Хөгжил дэвшил» с
эдвээр явагдсан эл уулзалтад УИХ, Засгийн газрын төлөөлөл, төрийн болон томоохон төрийн бус байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийн удирдлагууд, үе үеийн Барилгын яамны сайд нар оролцсон юм. Эл уулзалтыг ЗТБХБ-ын яамнаас зохион байгуулсан.
Тэд «Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтууд, бодлогын асуудлууд», «Үнэт цаасны хоёр дахь зээлийн тогтолцооны ач холбогдол, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх боломжууд» сэдвээр илтгэл сонссон. Мөн «100 мянган орон сууц төсөл, түүнийг хэрэгжүүлэх арга зам», «Жишиг сумын төв» сэдвүүдээр илтгэл сонсч, хэлэлцүүлэг явууллаа.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга «Бид өнөөдөр барилгын салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлүүдээ ярьж урьд нь ямар байсан, цаашдаа хэрхэхээ хэлэлцэх гэсэн юм. Засгийн газрын зүгээс нэгэнт гацаад байгаа асуудлыг шийдэх арга хэмжээ авахыг зорьж байна. Иймээс нэгэнт бэлэн болчихсон байрыг төрийн албан хаагчдад олгоё. Үүн рүү шингэсэн 200-гаад тэрбум төгрөг нь эргээд 8000 орчим байрыг бэлэн болгоно гэхчлэн араас нь томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ гэж үзэж байна. Хамгийн найдвартай нь гэж төрийн албан хаагчдыг түрүүлж яриад байгаа юм. Ингэвэл өнөөгийн байгаа барилгын салбарын түгжрэл нэг мултарч цаашаа ажил яваад байх болов уу гэж бодож байна» хэмээн төрийн албан хаагчдад олгохоор яригдаж эхлэсэн 4000 айлын орон сууцны асуудлыг тайлбарласан.
Харин үүний худалдан авалт, дамжуулалтыг «Орон сууцны, корпораци» хариуцан хийх гэнэ. Салбарын сайд аж ахуйн эл байгууллагад даатгахыг дэмжиж байгаа аж. Тэрээр 4000 айлын орон сууцыг шийдэхдээ дангаар нь Засгийн газарт итгэж болохгүй, бас банкинд ч шууд итгэж болохгүй гэлээ.