Ганхуяг аа, Д.Медведев Ерөнхийлөгчийг ирэхээс өмнө асуудлыг шийдээрэй
2009.07.08

Ганхуяг аа, Д.Медведев Ерөнхийлөгчийг ирэхээс өмнө асуудлыг шийдээрэй

1971 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан нэгэн нууц протокол байдаг аж. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг орон байраар хангах зорилгоор 50 мянган метр ам. дөрвөлжин газрыг
 Улаанбаатар, Дархан хотод буцалтгүй, хугацаагүй, төлбөргүй эзэмшүүлэх нь тэр нууц "юм"-ны гол агуулга байж. Түүнээс хойш 20 жилийн дараа ЗСБНХУ задарч, Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийг 1991 онд сонгов. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ч байраа орхиод манайхаас гарч явжээ. Өнөөдөр 2009 он. Манай улсын нэгдэн орсон Венийн конвенциор бол Гэрээ, Протоколын тухайн нөхцөл өдгөө өөрчлөгдсөн байх учиртай гэнэ.

Өчигдөр болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн маргаантай сэдвийн нэг нь 1971 оны нууц Протоколын тухай байв. 1991 оноос хойш Оросын тал тэдгээр байрыг монголчуудад бизнесийн зорилгоор түрээслэх болсон юм байна. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 1,7, 11, 12, 13 дугаар байр, Дарханы дөрөвдүгээр багийн 3, 4 дүгээр байранд оршин суугч иргэд түрээсийн төлбөрт нийтдээ 1.3 сая доллар төлжээ. Энэ нь өнөөгийн мөрдөж буй түрээсийн төлбөрөөс 4-5 дахин өндөр өртөг гэсэн. Тэгсэн атал Монголын хуулиар хүлээсэн түрээсийн болон газрын төлбөрт нэг ч төгрөг төсөвт оруулаагүй гэсэн маргаан бас байдаг аж. Энэ бүхэн нь Венийн олон улсын Конвенци, манай улсын Үндсэн хууль, Газрын тухай болон Татварын хуультай зөрчилдөж байгаа тухай Үндсэн хуулийн тайлбар 2003 онд гарчээ. "Гэвч Монголын төр, засаг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж чадахгүй байна" гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үзэж тэртээх үеийн тэр нэгэн нууц Протоколыг Үндсэн хууль болон Олон улсын конвенцэд нийцүүлэх асуудлыг тавьсан юм байна. Маргаан "дэгдээгээд" буй тухайн байруудыг Монголын талд үнэ төлбөргүйг шилжүүлэн өгөх ажлын явцын талаар Гадаад харилцааны сайд С.Батболд Байнгын хорооны хуралдаанд өчигдөр мэдээлэл өгөв.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-13-нд Ерөнхий сайд С.Баярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр уг байруудыг манай талд үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэх талаар ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга нартай тохиролцсон аж. Ийн асуудал нааштайгаар шийдэгдэх янзтай болж байтал Улсын дээд шүүх дээрх найман байрны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Оросын тал энэ үйлдэлд ихээхэн эгдүүцэж, ОХУ-ын өмчийг хууль бусаар хураан авах гэлээ хэмээн Гадаад харилцааны яаманд эсэргүүцлийн ноот ирүүлжээ.

Монголын албаны хүмүүс, Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр ОХУ-ын өмчлөлийн эрхэд халдаагүй, гагцхүү үл хөдлөх хөрөнгийг бүртгэхэд холбогдох хууль, тогтоомжийг мөрдөх шаардлагатай хэмээн хариу мэдэгджээ. Оросын тал үүнтэй санал нийлсэнгүй. Өмчийн гэрчилгээгүйгээр дээрх байруудыг манай талд шилжүүлэн өгөх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн байна. Ийнхүү байртай болох гэсэн 400-гаад өрхийн 2000 гаруй иргэний "мөрөөдөл" бүрхэг болсон аж. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дархан-уул аймагт байршилтай найман байрыг Оросын талаас үнэ төлбөргүй авахын тулд хүчингүй болгосон гэрчилгээг сэргээх, эсхүл дахин олгох, байруудыг хүлээж авах Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж Гадаад харилцааны сайд С.Батболд мэдээллээ. Тэгээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг байгуулахаар болж, түүнийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахлахаар болов. Тэрбээр өмнөх парламентаас эхлэн энэ асуудлыг бодит ажил болгохоор хөөцөлдөж байгаа гэсэн. Байнгын хорооны дарга З.Энхболд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг Монгол Улсад айлчлахаас өмнө асуудлыг шийдээрэй хэмээн түүнд "зөвлөв".

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.