Барилгын асуудал бол хүндрэл биш, хүндрэлээс гарах боломж юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа. Уулзалтын эхэнд барилгын 37 холбоодоос бүрдсэн тус Ассоциацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Чулуунбат тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд өнөөгийн барилгын салбарт тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээл болон, түүнээс үүдэн иргэдэд тулгарч буй чирэгдэл, банкны салбарт дарамт үүсч буй талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд энэ асуудалд улс төрийн шийдэл, зөв гарц хэрэгтэй байгааг дурьдлаа.
Уулзалтад Монгол Банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж оролцож байр сууриа илэрхийлсэн. Тэрээр, одоогийн байдлаар Зөвхөн банкуудад 400 тэрбум, ипотекийн 200 тэрбум, иргэдийн 200 тэрбум буюу бусад нөхцлүүдийг тооцоод нийтдээ нэг триллион орчим төгрөгийн түгжрэл үүсээд байгааг мэдээлэв. Энэ нь Монголын нийт мөнгөний эргэлтийн дөрөвний нэг хувийг эзэлж байгаа учраас төрийн оролцоотойгоор зайлшгүй шийдэх асуудал бөгөөд үүнийг хохирол багатай, бүрэн дүүрэн шийдэх боломж байгааг дурьдлаа.
Мөн уулзалтад Сангийн сайд С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нар оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Сангийн сайдын үзэж буйгаар эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 200 орчим тэрбум төгрөг буюу бодитойгоор эхний ээлжинд 125 сая ам.долларыг орон сууцны урт хугацааны зээлийн нөхцлөөр гаргаж баталгаат цалинтай 140.000 төрийн албан хаагчдыг хөнгөлөлтэй зээлийн бодлогоор дэмжих боломжтойг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, “Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд тойм тоогоор эзнээ хүлээж буй 4000 орчим барилга, 33000 орчим баригдаж буй барилга байгаа нь энэ салбар чухал сэдэв болохыг харуулж байна. Та бүхний тавьж буй санал маш чухал, энэ талаар бид нэгдсэн ойлголттой болох ёстой. Барилгын асуудал бол хүндрэл биш, хүндрэлээс гарах боломж юм. Бидэнд барьчихсан барилга байна, барилгад амьдрах хүсэлтэй хүмүүс байна. Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам энэ тал дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Барилгын Ассоциацийнхан мэдээллээ тодорхой болгох хэрэгтэй, заавал ашиг олохоо зорих биш хямралын энэ үед алдагдалд орохгүй боломжоо эрэлхийлж үнийн хөөрөгдөл дээрээ эргэж нэг харах хэрэгтэй” гэлээ. Ерөнхийлөгч тус Ассоциацийнханд хандаж барилгын чанар, стандартын тал дээр нягт нямбай ажиллаж гол нь иргэдээ илүү анхаарч ажиллахыг даалгав.