Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдлыг анхаарч ажиллана
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдалаа. Хуралдааны эхэнд Усны сав болон ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Усны сав болон ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон дагалдан гарах хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг тус Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь танилцуулав. Уг танилцуулагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд илтгэгчээс асуулт асууж, тайлбар, тодруулга авсан болно.Дээрх төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналтай холбогдуулан эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улcын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалгаж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, эцсийн хэлэлцүүлэг хийлгэхийг хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаараа 2009 оны хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хорооны хийсэн ажлын тайлан, чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна. Чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд нийслэлийн гэр хорооллын хөрсний болон гүний усны бохирдол болон цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдлыг анхаарч ажиллах тухай асуудлуудыг тусгах нь зүйтэй гэж үзсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.