2018.02.01

Б.Баттөмөр: Монголбанк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийхээр болсон

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр BloombergTV Mongolia  телевизийн "Бизнесийн төв цэг" нэвтрүүлэгт орж Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, 2018 оны төсөв болон эдийн засгийн нөхцөл байдлыг талаар байр сууриа илэрхийлжээ.

-Банк санхүүгийн хууль эрхзүйн орчныг шинэчилж байгаа энэ үед хуулийн өөрчлөлтүүдийг хэрхэн харж байна?

-1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны эхэн үед банкны салбарын эрхзүйн шинэчлэл эрчимтэй хийгдсэн байдаг. Түүнээс хойш бодлогын шинжтэй томоохон шинэчлэл бараг хийгдээгүй. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд, тодорхой хөгжлийн үе шатанд хүрч байгаа энэ үед банкны салбарын шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага гарсан. Энэ утгаараа банкны салбарын эрхзүйн шинэчлэл хийгдэж байна гэж ойлгож болно. 

-Төвбанкны тухай хуульд тус банкны хараат бус байдлыг илүү тодотгосноороо илүү ач холбогдолтой гэж ярьж байна. Энэ зорилтдоо хэр сайн хүрч чадсан бэ?

-Төв банкны хараат бус байдал хангагдах тутам инфляци багасаж, ханш тогтворждог гэх олон улсын байгууллагын судалгаа байдаг. Энэ утгаараа бид сая Төв банкны хараат бус байдлыг бий болгох чиглэлээр олон асуудлыг авч үзсэн. Тухайлбал Засгийн газартаа хуулинд зааснаас бусад асуудлаар хамтарч ажиллах, төсвийн шинж чанартай үйл ажиллагаа хийхгүй байх, Төв банкны мөнгөний бологын зөвлөлийн гишүүдийг УИХ-ын байнгын хорооноос санал болгосноор УИХ томилдог гэх мэт шинэчлэлийн чанартай арга хэмжээнүүдийг хуулинд тусгаж өгсөн. 

-Банкны тухай хуулийн тухайд?

-Банкны тухай хуулиар Төв банкнаас банкуудтайгаа харилцах харилцааг зөвшөөрөл олгох, үйл ажиллагааных нь чиглэлийг олгох, банкны хяналт шалгалтыг тодорхой үе шаттайгаар хийж байх зэрэг олон асуудлуудыг банкны хуулинд хийж өгсөн.

-Гол санаа нь болзошгүй ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлэх механизмыг илүү нарийвчлалтай, уян хатан болгосон гэж харж байгаа. Энэ зорилтдоо хүрч чадсан болов уу?

-Өнгөрсөн жилүүдийн туршлага бол Монголбанк гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалт хийдэг байсан. Одоо бол эрсдэлд суурилсан хяналтыг хийдэг болно. Аливаа эрсдлийг урьдчилан харж, эрсдэл гарахаас сэргийлж, банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг хийснээр банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг хийснээр банк үйл ажиллагаагаа зөв явуулах, харилцагчдын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр илүү ач тусаа өгнө гэж тооцож байна