Г.Адъяа МҮЭ-ийн холбооны ЕНБД-аар улиран сонгогдлоо
2018.02.26

Г.Адъяа МҮЭ-ийн холбооны ЕНБД-аар улиран сонгогдлоо

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн II хурал боллоо. Тус хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооны XXII Их хурлаас хойш явуулж буй үйл ажиллагаа, цаашдын  зорилт”-ын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг” хэлэлцүүлэн батлууллаа.

МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны мэдээллийг тус хорооны дарга М.Ганхүрэл тавьж хэлэлцүүлсэн юм. Илтгэлүүдтэй холбоотой санал, шүүмжлэлийг Ерөнхий зөвлөлийн гишүүд нээлттэйгээр тавьсан. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг хангуулах чиглэлээр илүү түлхүү ажиллах, анхан шатны хороодын идэвхтэн сонгуультны ажлын байрны баталгааг сайжруулах, ҮЭ-ийн бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын ажлыг илүү хүртээмжтэй болгох, сургалтын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж тавьж байлаа.

Тус хурлаар “МҮЭ-ийн ажилтан, сонгуультны ёс зүйн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай”,” Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурал хуралдуулах журам батлах тухай” асуудлыг нийт гишүүдээр хэлэлцүүллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн явц, МҮЭ-ийн холбооны байр суурийн талаар тус холбооны ЕНБД Г.Адъяа мэдээлэл өглөө.

Хурлаар Ерөнхий зөвлөлийн байнгын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.

Энэ удаагийн Ерөнхий зөвлөлийн хурлаар МҮЭ-ийн холбооны ЕНБД-ыг сонгох сонгуулийг зохион байгуулсан. Ерөнхий зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад  МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Нэгдмэл ҮЭ-ийн холбооны дарга Я.Алтантуяа нарын нэрийг дэвшүүлсэн. Ингээд олонхийн саналаар Г.Адъяа МҮЭ-ийн холбооны ЕНБД-аар улиран сонгогдлоо.