Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурав
2018.03.01

Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Оросын Засгийн Газар хоорондын комиссын XXI нэгдсэн хуралдаан Москва хотын “Президент” зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө.

Засгийн Газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалын нөөц Экологийн Яамны Сайд С.Е.Донской нар даргалж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины туслах И.Е.Левитин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын хуралдаан хоёр орны хамтын ажиллагааны чухал механизм болохыг онцлоод хуралдааныг Москва хотноо зохион байгуулж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд Оросын талд талархал илэрхийллээ.
Тэрбээр “2016 онд Улаанбаатар хотноо хуралдсан XX хуралдаанаар ярьж тохиролцсон асуудлууд үндсэндээ амжилттай хэрэгжиж байгаа ч удаашралтай байгаа зарим асуудалд талууд цаашид анхаарч ажиллах шаардлагатай. Зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа харьцангуй идэвхтэй хөгжиж байгаа бол барилга, соёл, эрүүл мэндийн салбарт илүү анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй. Олон жил хуримтлагдаад байсан зарим асуудлууд энэ удаагийн хуралдаанаар ойрын хугацаанд шийдэгдэх түвшинд хүрлээ” хэмээн дүгнэв.

Хоёр орны Засгийн Газар хоорондын комиссын ХXI хуралдаанаар Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирч, УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцсэн бол Оросын тал эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Мөн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед Монголын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн сацуу боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спортын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхээр талууд тохиролцлоо.
Засгийн Газар хоорондын комиссын хуралдаан үр дүнтэй болж хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалын нөөц Экологийн Яамны Сайд С.Е.Донской нар хурлын протоколыг баталсан бол Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсын Хөгжлийн банкинд зээл олгох тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны нэгдүгээр орлогч дарга Ч.Энхбат Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч дарга  Владимир Николаевич нар гарын үсэг зурав.
Түүнчлэн Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Г.Манлайжав, “Росатом” улсын корпорацийн ерөнхий захирлын орлогч, Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Н.Спасский нар гарын үсэг зурсан юм.
Монгол Оросын Засгийн Газар хоорондын комиссын XXII хуралдааныг ирэх оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлолоо.

Л.Нандиа