Байгалийн болон Соёлын өвийн батламжийг гардууллаа
2018.03.06

Байгалийн болон Соёлын өвийн батламжийг гардууллаа

Монгол Улсын Засгийн газар 2017 онд ЮНЕСКО-д бүртгүүлсэн гурван өвийн батламжуудыг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар ГХЯ-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарт ёслол төгөлдөр гардуулав. 

Монгол Улсын Засгийн газар НҮБ, түүний системийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, улс орны  нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрч байгаагийн тод жишээ нь Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагаа юм.  

Монгол Улс ЮНЕСКО-той 2016-2022 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг 2017 онд байгуулснаар ойрын жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тодорхойлсон нь үр дүнгээ өгч эхэлж байна.

Манай улс Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад, “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг Соёлын биет бус өвийн жагсаалтад, “ Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад 2017 онд тус тус бүртгүүлсэн.

Монгол Улс, ОХУ-тай хамтран Дагуурын ландшафтыг хил дамнасан Дэлхийн байгалийн өвөөр 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Дагуурын чийглэг хээр тал нь том жижиг нуур, цөөрөм, гол, горхи, намгархаг газар бөгөөд Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүдэллэдэг халуун орны усны болон эргийн шувуудын өндөглөн зусдаг өвөрмөц онцлогтой бүс нутаг учир биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой юм.

“Уул овоо тахих Монгол зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь даяаршлын нөлөөгөөр байгаль орчин доройтож, биологийн төрөл зүйл устаж үгүй болж, усны нөөц хомсдож, тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан гэмтэх, улмаар үгүй болох аюул тулгарч, байгаль, соёлын өвд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болсон өнөө үед байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын уламжлалт ёс, зан үйлээ   өвлөн авч үлдэхэд ач холбогдол юм. 

Тахилгат газар нь байгалийн онгон дархан газар төдийгүй ард түмний дунд урт хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн соёлын өв, ёс заншил, зан үйл зэргийг өөртөө агуулж байдаг тул “Уул овоо тахих Монгол зан үйл” нь байгаль, соёлын хосолсон чухал өвийн илэрхийлэл юм.

Монголчууд эрт үеэсээ хад чулуу, хөшөө дурсгал дээр түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн бичиж, хойч үедээ үлдээсээр ирсэний тод жишээ нь Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө юм. Монгол Шунхан Данжуурын 226 ботийг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авчирсны дурсгалд зориулан 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв уг хөшөөг урлан бүтээсэн.

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Данжуурын гэрэлт хөшөө ЮНЕСКО Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтдаа бүртгэн авав. Манай улсын шинэ цаг үеийн үндэсний номын сангийн гал голомтыг үүсгэж байх үед судар ном солилцооны холбогдолтой гэрээг чулуунд сийлсэн ховор түүхэн баримтын цаана номыг дээдлэх монгол хүний уламжлалт үзэл баримтлалын нандин ёсыг илэрхийлж байна.

“Хүмүүний ухамсарт энх тайвныг цогцлооно” хэмээх уриатай ЮНЕСКО-д Монгол Улс тэртээ 1962 онд нэгдэн элсэн орсноос хойш эдүгээ 56 жилийн түүхийг туулжээ.  ЮНЕСКО-ийн энэ уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг тэртээ 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан байдаг. ЮНЕСКО-гийн МҮК ийнхүү үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг энэ өдрүүдэд  ёслон тэмдэглэж байна.