Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2017 оны намрын чуулганы хугацаанд 14 хууль батлуулав
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдээллийнхээ эхэнд, тайлангийн хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл (давхардсан тоогоор), дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл хоёр удаа сонсож, 14 хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоол батлуулсан талаараа дурдлаа.
Мөн тэрбээр, Байнгын хороонд байгууллага, иргэдээс таван өргөдөл, 54 албан бичиг ирүүлсэн. 104 албан бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх болон албан бичиг ирүүлсэн байгууллага иргэдэд хариу өгөх зэргээр шийдвэрлэсэн байна.
Тайлангийн хугацаанд байнгын хорооноос нийт таван уулзалт, ярилцлага зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг гурван удаа, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг дөрөв, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг удаа тав,Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсэг нэг, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэг удаа тус тус хуралдсан гэдгийг онцлов.
Байнгын хорооны дарга мэдээлэлдээ, Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэн батлуулсан. Энэ хууль батлагдсанаар мал эмнэлэг, үржлийн ажилд ахиц гарч, мал эмнэлэг, үржлийн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, эргэлтэд оруулах зэрэг шинэчлэл, өөрчлөлтийг хийсэн.
Эдгээр хуулиуд 2018 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжих юм. Хууль батлагдсантай холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөө гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн байгаа. Байнгын хороо УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр болон хаврын чуулганы хугацаанд энэ асуудалд анхаарч ажиллах болно гэж байлаа.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр байгуулагдаж, эрчимтэй ажиллаж Засгийн газарт 16 зүйл, заалт бүхий зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн.
Мөн Байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын яамдын сайд нарт агаарын бохирдлыг бууруулах талаар бодитой гарц шийдлийн талаар санал ирүүлэхийг хүссэн. Эдгээр саналуудыг Ажлын хэсэг дээр нэгтгэн дүгнэж, цаашид холбогдох байгуулагуудад шахаж шаардаж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тайлан мэдээлэлтэй холбогдуулж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Сэтгүүлчдийн зүгээс УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлснээс гадна бодитой ажил хийх эсэх, хаврын чуулганаар Байнгын хороогоор томоохон ямар хууль, тогтоолын төслүүд хэлэлцэх талаар илүүтэй тодруулсан.
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Зөвлөмжийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газарт хугацаатай чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө боловсруулаад Ажлын хэсгээр хэлэлцүүлээд, УИХ-аар батлуулах байх. Зөвлөмжийн зүйл, заалт бүр тодорхой, хугацаа заасан учир Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал тавьж, холбогдох байгууллагуудыг шахаж шаардаж ажиллах болно.
Мөн 2016 оны сүүлээр өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах учир бэлтгэл ажилд Байнгын хороо анхаарал тавьж ажиллаж байгаа гэж байлаа.
Харин Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байнгын хороо, Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ бол өрийн ачаалал нэмсэн арилжааны зээл биш.
Үүнийг агаарын бохирдол, утаанд зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын эсрэг ийм далайцтай хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Хөтөлбөр боловсруулагдахаар энэ мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Түүнчлэн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон.
Уг асуудлын хүрээнд 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг хятадын тал гурван жилийн хугацаанд өгнө гэсэн. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулагдана. Эргээд энэ нь агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах эцсийн шийдлүүдийн нэг нь байх болно хэмээн нэмэлт тайлбарыг өгөв.