Фермерүүдэд мөнгөн урамшуулал олговол СҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ дотооддоо ХАНГАЖ чадна
УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва нээж үг хэлэв
2018.02.09

Фермерүүдэд мөнгөн урамшуулал олговол СҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ дотооддоо ХАНГАЖ чадна

Монгол Улс 66 сая тоо толгой малтай ч сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор борлуулдог.

Шалтгаан нь энэ салбарт төрийн тогтвортой бодлого, дэмжлэг үгүйлэгдэж буйтай холбоотой гэдэгт салбарынхан дуу нэгдлээ.

Өчигдөр болсон “Сүүний салбарын шинэчлэл, тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр болон “Сүү”, “АПУ дэйри” тэргүүтэй үндэсний томоохон компаниуд, Сүүний нэгдсэн холбоо болон Үхэр үржүүлэгчдийн холбооны төлөөлөгчид салбарын жаргал зовлонгоо хуваалцсан юм.

Энэ үеэр Сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэлээс сүүний фермерийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар тодрууллаа.

О.АМАРЦЭНГЭЛ: ЛИТР СҮҮ ТУТАМД 400-500 ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Дотоодын фермерүүд сүүний хэрэглээний хэдэн хувийг хангадаг вэ?

О.Амарцэнгэл

-Нарийн статистик байдаггүй. Баримжаалсан тоогоор дотоодын үйлдвэрлэсэн сүү төв суурин газрын хүн амын ердөө 20 хувийг хангадаг. Үлдсэн зах зээлийг импортолсон сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлж байна. Өнөөдөр манайд 30-100 үнээтэй 2000 шахам жижиг, дунд фөрм, 43 мянга орчим саалийн үнээ байгаа гэдэг. Нэг үнээнээс өдөрт зургаан литр сүү авдаг гэсэн албан бус тооцоо бий. 

Гэтэл Израиль Улсад нэг үнээнээс өдөрт 11 литр сүү авч байна. Улсынхаа хүнд амд хангалттай хүрдэг. Тэгэхээр бид үнээний фермийн технологийг шинэчилж, иж бүрэн технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна үнээнд өгөх өвс тэжээлийн бэлтгэн нийлүүлэх тогтолцоонд анхаармаар байгаа юм. Өвс тэжээл хангалттай бол фөрмүүд сүү үйлдвэрлэхэд бэлэн.

-Сүүнийхээ хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангахын тулд ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж та бүхний зүгээс үзэж байгаа вэ?

-Хүн ам тэр тусмаа бага насны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмждэг гал бүтээгдэхүүний нэг нь ямар нэг химийн хольцгүй цэвэр сүү. Гэвч монгол малын сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэд бүтэц болоод тогтвортой бодлого дутагдаж байна. Ялангуяа өвлийн улиралд нийслэлийн иргэдийн сүүний хэрэглээг хангаж чадахгүй бүр хомсддог. Ингээд хэрэгцээгаэ хангахын тулд маш их валют гадагшлуулж, хуурай сүү импортлох замаар сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Хүн амын хүнсний аюулгүй байдал талаасаа энэ бол маш том асуудал суүчий хангамжаа нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлээд жилийн дөрвөн улиралд сүү нийлүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Гэтэл эрчимжсэн мал ахуй бизнесийн хувьд ашиггүй салбар учраас манайд хөгжөөгүй Харин манай хөрш орнууд болон олон улсад иргэддээ цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэхийн тулд сүүний үйлдвэрлэлүүдэд төрөөс урамшуулал олгодог.

Энэ урамшуулал нь эргээд эрчимжсэн мал аж ахуйн хөрөнгө оруулалтыг тэтгэдэг. Хүнсний тухай хуулийн наймдугаар зүйлд дотоодын сүү боловсруулах үйлдвэрт бэлтгэн нийлүүлж буй сүү тутамд мөнгөн урамшуулал олгож болно гэсэн заалт байдаг. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх юм бол дотоодын сүүний үйлдвэрлэлээрээ маш богино хугацаанд хүн амын хэрэгцээгээ хангаж чадна.

-Төрөөс мөнгөн урамшуулал хэрэгтэй гэж ярилаа. Тэгвэл литр сүүнд хэдэн төгрөгийн урамшуулал өгөх хэрэгтэй талаар ярихгүй юу?

-Манай холбооныхон тооцоод 400-500 төгрөг байвал болно гэж харж байгаа. Энэ урамшууллыг өгөхдөө хэдэн зарчим баримтлах хэрэгтэй. Нэгдүгээрт, урамшуулал нь шууд фермертээ очно.

Тэгэхгүй бол фермерүүдээс ченжүүд урамшууллын баримт нэхдэг. Байхгүй гэхээр сүүг нь хямд авах явдал байна. Хоёрдугаарт, урамшуул аваад тухайн фермээ хөгжүүлэхэд зарцуулдаг байх, гуравдугаарт, сүү сүүн бүтээгдэхүүний хомстолтой үе буюу өвөлд энэхүү урамшууллыг олгохыг санал болгож байгаа.

Зургаан жил ч юм уу энэхүү урамшууллыг олгоход манай улсын эрчимжсэн мал аж ахуй хөл дээрээ босно. Уг урамшуулал нь фермийг хөгжүүлэх юм шиг харагдаж байгаа боловч хүн амын эрүүл мэндийг тэтгэх асуудал юм.

Сүүний салбарыг хөгжүүлэхийн тулд зөвхөн дээрх асуудлыг шийдээд зогсохгүй малын тэжээл үйлдвэрлэл, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж, тэр бүү хэл малын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, саалийн фермийн эрхзүйн орчинг сайжруулах хэрэгтэй гэдгийг чуулганы үеэр салбарынхан хэлж байлаа.

Мөн тэжээлийн үйлдвэрт бэлтгэсэн тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх, гаалиас чөлөөлсөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад саалийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэмэлтээр оруулах чиглэлд ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. 

Тухайлбал, хөдөлмөрийн баатар, саальчин С.Хандсүрэн 

"Тэжээл үйлдвэрлэж байгаа хүмүүсээс өндөр татвар авч байгаа нь тэжээлийн үнэ нэмэгдэхэд хүрсэн. Тэжээлийн үнэ өндөр байгаа тул бид тэжээлээ бэлдэхэд бэрх байна. Гэвч сүү үйлдвэрлэхэд тэжээлийн асуудал хамгийн чухал байдаг. Иймэрхүү бэрхшээл их байдаг. Гэвч төрөөс бидэнд литр сүүнд ганц ч төгрөгийн урамшуулал олгодоггүй” гэлээ.

Сэтгүүлч Б.Болор