Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцав
2018.03.10

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.

ХНХЯ-ны харъяа уг төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, сургалтын байгууллагын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад зөвлөмж өгөх, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх үндсэн чиглэлтэй хэмээн тус төвийн дарга Ц.Батдорж танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна гээд, “Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд 20000 доошгүй залуучуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган, мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх зорилттой ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн байгууллагынхаа өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ажлын хэсгийн гол зорилго бол Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилт хэр хангагдаж байгаа, хуулийн хэрэгжилттэй холбоотой саналыг тус салбарт ажиллаж буй төлөөллөөс сонсож, үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад оршиж байна.

Бид Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлтэй уулзсан бөгөөд ойрын өдрүүдэд Баянхонгор, Төв аймаг болон Дархан, Улаанбаатар хотын мэргэжлийн сургалт, боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нэгтгэн санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж НББСШУ-ны байнгын хороонд танилцуулах болно гэлээ. Мөн тус байгууллагын зүгээс гаргасан саналаа албан бичгээр Байнгын хороонд хүргүүлэхийг хүссэн юм