2018.03.13

Зам тээврийн осол, гэмтлийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, осол аваарийг бууруулахад анхаарах жил болгон зарласан хүрээнд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" анхдугаар зөвлөгөөнийг дүүрэг болгонд зохион байгуулж байна. Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэс болон удирдлагууд зөвлөгөөнд оролцлоо.

Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхцэцэг болон Засаг дарга Ж.Сандагсүрэн зэрэг нийслэл болон холбогдох яам агентлагийн төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачид оролцож, өөр өөрсдийн илтгэлийг танилцууллаа.

Энэ үеэр зам тээврийн осол зөрчлийг бууруулахад олон талын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон байна. 

Сонгинохайрхан дүүргийн хувьд 310 мянга гаруй хүн амтай, нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй дүүргийн нэгт ордог. Мөн баруун болон хойд чиглэлийн тээврийн хэрэгслүүд зорчдог. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол зөрчил их гардаг. Өнгөрсөн онд л гэхэд зам тээврийн осол зөрчлийн 13 мянга гаруй дуудлага иржээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бид авто замын түгжрэл гэхээс илүү ухамсрын түгжрэлд орсон гэж харж байна. Энэ нь замын хөдөлгөөний түгжрэлийн 30-40 хувийг бий болгож байна. Дүүргүүдэд зохион байгуулж байгаа энэ арга хэмжээгээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэнэ.