2018.03.12

Гэр хорооллын иргэдэд ойр, утаагүй, эко шийдэлтэй цэцэрлэг ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэйгээс зөвхөн 120 хүүхэд нь хороондоо ганцхан байдаг 176-р цэцэрлэгт сурч хүмүүждэг байна. Шинэ цэцэрлэг нээгдсэнээр дахин 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна.

Энэхүү цэцэрлэг халаалт дулаанаа цахилгаанаар шийджээ. Инженерийн шугам сүлжээндээ байгальд ээлтэй, эко шийдэл ашигласан байна. Гэр хороололд утаа бохирдол үүсгэхгүй ажиллаж болох сайн жишээний нэг юм. Гэр хорооллын бүсэд иргэддээ хамгийн ойр энэ цэцэрлэг төсвийн бус хөрөнгөөр буюу төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжсэн гэдгээрээ онцлог юм. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 252-р цэцэрлэг 10 сард ашиглалтанд орсон. Гэтэл цэцэрлэгийн баримт бичиг, олон төрлийн зөвшөөрөл нь хугацаа алдуулдагт бид анхаарлаа хандуулах ёстой юм байна. 5-6 сар хүлээж их чирэгдэл учирсан ч гэсэн ээжүүдийн баярын өдөр цэцэрлэг нээгдэж байгаад баяртай байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: 31-р хороонд шинээр ашиглалтанд орж буй энэхүү цэцэрлэгийн тухайд төсвийн бус хөрөнгө оруулалттай буюу “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм.