Нягтлан бодох бүртгэлийн улсын xxi олимпиадад оролцох оюутнуудад мандат гардууллаа
2018.04.19

Нягтлан бодох бүртгэлийн улсын xxi олимпиадад оролцох оюутнуудад мандат гардууллаа

Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиад энэ сарын 19-21-ний өдрүүдэд УБ хотноо болох гэж байна. Нягтлан бодох бүртгэлийн олимпиадыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 1998 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2009 оноос эхлэн нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт хүндтэй гавъяа байгуулсан ахмадуудын нэрэмжит болгон алдаршуулж байна.

Институтээс Нягтлан Бодох Бүртгэлийн Улсын XXI олимпиадыг Монгол Улсын Гавъяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. 

Энэ удаагийн олимпиадад нийслэл хот болон хөдөө орон нутагт нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа 13 их, дээд сургуулийн 65 оюутан оролцох бөгөөд багш, оюутнуудад мандат гардуулах ёслол өнөөдөр ММНБИ-д боллоо. Энэхүү ёслолд ММНБИ-ийн зарим удирдлагууд болон Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэн гуай урилгаар оролцож, мандат гардуулан, мэргэжлийн уралдаанд өндөр амжилт гаргахыг хүслээ. 

Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэн

Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад УБ хотоос МУИС, СЭЗИС, ХААИС-ЭЗБС, Мандах ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, Этүгэн ИС, ХУИС, Улаанбаатар-Эрдэм ИС, орон нутгаас Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар, Ховд ИС, Завхан МУИС, Дарханы Мандах ИС оролцоно.