Зарим төрлийн модон зүсмэл материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.04.26

Зарим төрлийн модон зүсмэл материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Анх 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажил болон импорт оор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн байдаг. Энэ хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх, мод хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Хуулийн төсөлд Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг  гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. 

Хуулийн төслийг хэлэлцсэн ТБХ-ны салан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Тус байнгын хороо 04 сарын 24-ний өдөр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж  нар санал хэлж, байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэхээр тусгавал хуулийн зөрчилгүй болно” гэсэн саналыг хэлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авсан. Үүний дараа хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 68.9 хувь нь дэмжлээ.