2018.05.11
Ж.Ганбаатар:Төсвөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд хэдэн төгрөг зарцуулах вэ?
УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах, хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Уул уурхайгаас орж ирж байгаа орлого төсвийн хэдэн хувийг бүрдүүлдэг вэ? Төсвийн хөрөнгө оруулалтын зардал дийлэнх нь сургууль, цэцэрлэгт ордог. Ард түмний амьдрал долларын ханшнаас хамааралтай. Долларын ханшийг яаж төлөвлөж байна. Жижиг, дундын хуулийг өргөн барьсан байгаа. Татварыг нэг хувь гэж оруулж байгаа. Зарчмын зөрүү гарах уу? Төсвийн нийт зардлын 10 хувиас илүүгүйг жижиг, дунд үйлдвэрт зарцуулна гэж байгаа. Үүнийг тайлбарлаж өгөөч. Засгийн газар гүйцэтгэл байхгүй ажил эхлүүлээд орхидог. Ийм байж болохгүй.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Уул уурхайгаас орж ирж байгаа орлого төсвийн 25 хувь орчмыг эзэлдэг. 2019 онд энэ салбараас орж ирэх орлогыг 370 тэрбум гэж харж байгаа. Долларын ханшийг 2280 төгрөг байна гэж тооцож оруулж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хуулин дээр нилээ зүйл орсон. Таны саналыг татварын хуулинд оруулаад дэмжлэг авсан. 2019 оны төсвийг бэлдэх явцад төрийн албан хаагчдын нэгдсэн бүртгэлтэй больё гэж харж байна. Ингэснээр хяналт сайжирна.