2018.05.23
Цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх шаардлагаа үр дүнд хүртэл тэмцэнэ
"Цалин нэмэгдүүлэхийн төлөө" явуулж буй нэгдсэн тэмцлийн үйл явцын талаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /05.23/ сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ.
Тэрээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний жагсаал цуглаанаас хойш МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагууд хэрхэн тэмцэл өрнүүлж байгааг календарьчилсан байдлаар танилцуулсан ба өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээс ихээхэн зүйл шалтгаална гэдгийг онцоллоо.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цалин хөлсний нэмэгдлийн талаар хувилбар гаргая, ҮЭ-үүд итгэл үзүүлээч гээд шуурхай ажлын хэсэг байгуулж, гарц гаргалгааг бий болгон саналаа Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулна гэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй ҮЭ-үүдийн суултын талаарх мэдээг янз бүрээр нэвтрүүлж байгаад анхаарч, нэгдсэн ойлголт өгөх зорилготой гэдгээ Х.Амгаланбаатар тодотгоод, ҮЭ-үүд нэгдсэн, бидний шаардлага үр дүнд хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэлээ.