Д.Тэрбишдагва: Цэцийн гишүүн ҮХ-ийн манаачийн үүргээ сайн биелүүлээрэй
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Цаашдаа ултөржихгүй ажиллаарай гэж гишүүн бүр хэлж байна. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Үнэхээр хөх тэнгэр дээр гарчихсан юм шиг болдог. Газар дээр бууна гэдгээ мартаж болохгүй. Газар дээр томилсон Их хурал гэж байдаг гэдгийг мартаж болохгүй. Та бүхэн Үндсэн хуулийн манаач нар. Манаачийнхаа үүргийг сайн биелүүлээрэй. Цэцтэй холбоотой алдаа их гардаг. Ямар нэгэн байдлаар албан тушаал авчхаад хариуцлагатай, ажиллаарай.