2018.05.24

Ж.Мөнхбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу?

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

Нэр дэвшсэн хүмүүсийг ёс суртахуунтай ажиллана гэдэгт итгэж байна. ҮХ-ийн Цэцийн гишүүд гэдэг бол ҮХ-ийн манаач нар. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс асуулт асууя. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг юу гэж боддог вэ? 1924 оноос хойш 4 удаа бид Үндсэн хуулиа өөрчилсөн. УИХ, Ерөнхийлөгчийн институт хоорондоо ярилцаад өөрчлөлт хийж болно гэж боддог. Та юу гэж бодож байна. Оюунтолгойн гэрээг үр дүнтэй болгох талаар Ч.Улаан гишүүн гээд нэр бүхий хүмүүс ажиллаж байна. Ард түмэн ч дэмжиж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр  Их хурал санаачлагатай ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр: Үндсэн хуулийн одоогийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Зарим зүйл дээр санал нийлэхгүй байгаа.