Я.Содбаатар: Төсвийн мөнгөний зарцуулалтын талаар иргэд гомдолтой байдаг
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2018.05.24

Я.Содбаатар: Төсвийн мөнгөний зарцуулалтын талаар иргэд гомдолтой байдаг

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуулаа.

Я.Содбаатар: Иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол шударга ёс. Иргэдтэй уулзахад төрийн болон төрийн өмчит компаниуд, төсвийн хөрөнгөтэй холбоотой маш их шүүмж хэлдэг. Үүн дээр хариулт өгөх ёстой том газар бол Аудитын газар. Сүүлийн үед том шалгалтуудыг хийгээд ачаалал өндөртэй байгаа. Боловсон хүчний хувьд амаргүй ажиллаж байгааг ойлгож байна.

Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэн, зөв мэдээлэл өгөхгүй бол манайх хов, жив, цуурхлаар амьдардаг нийгэм боллоо. Мэдээллийн хурд нь өндөр болсон, янз бүрийн эх үүсвэр нь тодорхойгүй зүйлс ярьдаг. Жишээлбэл, Мон-Атом компани хэвлэл мэдээллээр их шуугиан тарьсан. Газрын тосны олборлолттой холбоотой аудит яригдсан нь юу болсон? Орон нутгийн хөгжлийн сан гэхэд 37 тэрбум 995 сая төгрөгний зөрчил гарсан гэж тайлан дээр байх жишээтэй.

Мөн санхүүгийн хяналт шалгалтаар гарч ирж байгаа зүйлсийн хэрэгжилт хэр байна? Танай байгууллага гэрээт болон үндсэн ажилчид зүтгээд маш олон зүйлсийг гаргадаг. Үүнийл хэрэгжилтийн хувийг нэмэгдүүлэх чиглэлд УИХ-аас ямар зүйл хүсч байна вэ? Акт тавьдаг, зөвлөмж хүргүүлдэг ч эргээд хариуцлага тооцох асуудал хэр байна вэ? Нэг ёсондоо танай байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар асуудал байгааг дэлгэрэнгүй тайлабарлаарай гэж хүсье.

Хяналтын байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг УИХ-д ирүүлэх нь их чухал. Энэ хүмүүс хуулийн хийдэл хаана байгаа, төсөв санхүүтэй холбоотой дутагдлыг гаргаж ирдэг. Аудитын дүгнэлтүүдийг уншиж байхад амьдрал дээр хууль хэрэгжээд явахад алдаа оноо байгааг илрүүлдэг. Төрийн аудитын байгууллага өөрөө УИХ-ын дэргэдэх байгууллага.

Ажлын хэсэг: 2017 онд тайлагнасан Төрийн ауидитын байгууллага 2016 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн нийцлийн аудитоор 11.5 их наяд төгрөгний алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 22.4 тэрбум төгрөгөнд акт тавьсан. Өнөөдрийн байдлаар актын хэрэгжилт 85 хувьтай байна. Албан шаардлагын хэрэгжилт 77 хувьтай. Зөвлөмжийн хэрэгжилт 80 хувьтай байна. Харьцангуй биелэлт сайжирсан үзүүлэлт гарсан.