2018.08.28

Ц.Даваасүрэн: Тендерийн холбогдолтой асуудалд надтай холбоотой зүйл байвал би ажлаа өгнө

Өчигдөр АТГ-аас “Эрчим хүчний салбарт 130 компани энэ салбарт ажилладаг хүмүүсийн хамааралд байна. Өнгөрсөн онд зарлагдсан тендерээс эрчим хүчний салбарт ажиллагсад болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан долоон компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт сонгосон байна” гэх мэдээллийг өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаар тайлбар өглөө. Тэрээр мэдээллийнхээ эхэнд АТГ-ын мэдээлэлд Эрчим хүчний яаманд биш салбарт гэсэн үг байгаа гэдгийг анхааруулж байлаа.

Ц.Даваасүрэн: Миний хамаатан садан, надтай холбогдолтой хүмүүсээс ямар нэгэн ажил авсан байвал би маргааш өргөдлөө өгнө

Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компани байгаа тухай мэдээлэл надад ирүүлсэн.

Яамны хүрээнд би 2 ч захиралд цаашид ажиллахгүй байх мэдэгдлийг ТӨХ-нд хүргүүлсэн ч одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа.

Эрчим хүчний удирдах ажилтны зөвлөгөөн дээр ч хэлсэн. Энэ салбараас цалин аваад, энэ салбараар бизнес хийж болохгүй гэдгийг хэлсэн. Тухайлбал, эрчим хүчний салбарт ажилладаг бөгөөд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулан өөр эрчим хүчний байгууллагаас ажил авсан байж болно. Харин өөрийнхөө ажилладаг газраас эхнэрийнхээ компани дээр ажил авч болохгүй.

Яамны удирдлагууд тендерийн асуудалд холбогдсон хэмээн надтай холбох гэж их оролдож байна. Миний хамаатан садан, надтай холбогдолтой хүмүүсээс ямар нэгэн ажил авсан байвал би маргааш өргөдлөө өгнө. Зарим хүмүүс зориудаар гуйвуулж байна.

Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа. Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой.  Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй