УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дэмжлэгээр Сингапурт суралцсан залуус эх орондоо ирлээ
2018.08.30

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дэмжлэгээр Сингапурт суралцсан залуус эх орондоо ирлээ

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын эхний гурван байранд шалгарсан залуус Сингапур улсад 100 хувийн тэтгэлгээр сураад, эх орондоо ирлээ. Олимпиадыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгтэйгээр өнгөрсөн тавдугаар сард гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Дунд сургуулиа төгсөөд амьдралд хөл тавих гэж буй залуусыг гадаад хэлийг орчинд нь суралцаж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгосноороо тус олимпиад онцлог давуу талтай байлаа. Сингапур улсад суралцаад ирсэн залуус хэлнийхээ түвшинг улам бүр ахиулан гадаад хүнтэй чөлөөтэй ойлголцож, олон орны найз нөхөдтэй болсон тухай ярьж байв. Мөн Сингапур улсын хөгжил дэвшилтэй танилцах боломж олдсонд маш их баяртай байгаагаа хэлсэн юм. Ингээд тэдний сэтгэгдлийг хүргэж байна.

105-р сургуулийн сурагч Б.Сарнай: Орчинд нь очсоноор хэлийг маш хурдан сурдаг

-Юуны өмнө  “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын эхний гурван байрт шалгарч, Сингапур улсад суралцах боломжийн эзэн болсонд баяр хүргэе. Сингапур улсад суралцах ямар байв?

-Баярлалаа. Монголдоо хэл сурах, яг орчинд нь очоод сурах хоёр мэдээж маш том ялгаатай юм билээ. Яг англиар ярьдаг хүмүүс дунд ороод ирэхээр тухайн хэлийг заавал ойлгож, хүмүүстэй харилцах шаардлага тулгардаг тул илүү хичээж, хурдан сурдаг юм шиг санагдсан.  Бас дуудлагын хувьд цэвэр болсон. Би анх санаа зовоод гадаад хүмүүстэй ярилцаж чаддаггүй байсан бол Сингапурт суралцах хугацаандаа чөлөөтэй ярьж ойлголцдог болсон. Маш үр дүнтэй сургалт болсон шүү.

-Олон найзтай болсон уу?

-Миний явсан сургалтанд Тайланд болон Япон улсын хүүхдүүд олон байсан. Тэдэнтэй богино хугацаанд маш сайхан найзууд болсон.

-Цаашдаа англи хэлээ үргэлжлүүлэн судлах уу?

-Би эмч мэргэжлээр суралцах гэж байгаа. Тиймээс англи хэл надад маш том давуу тал болно гэж боддог. Мөн ирээдүйд Монголдоо суралцахаас гадна гадаадад суралцах хүсэл мөрөөдөлтэй.

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадыг жил бүр төгсөх ангийн сурагчдын дунд зохион явуулдаг. Олимпиадын талаарх сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу?

-Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахын зохион байгуулдаг “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиад маш өрсөлдөөнтэй болдогийн зэрэгцээ дунд сургуулиа төгсч байгаа залууст сэтгэлийн дэм өгдөг юм шиг санагдсан. Хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө бусадтайгаа шударгаар өрсөлдөхийн тулд бэлдэж, өөрсдийгөө хөгжүүлдгээрээ олимпиад маш их ач холбогдолтой. Энэ дашрамд Д.Сумъяабазар ахдаа маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Цаашдаа олон хүүхдүүдийг гадаадад суралцах боломжийг олгосон ийм сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулаарай.

-76-р сургуулийн сурагч М.Сүхбат: Өөрийнхөө ирээдүйн төлөө өнөөдрөөс бэлдэж эхлэх хэрэгтэй

-Олимпиадын тэргүүн байрт шалгарч, Сингапур улсад суралцаад ирсэнд баяр хүргэе.

-700 орчим хүүхдүүдтэй өрсөлдөөд, нэгдүгээр байр эзэлсэнд маш их баяртай байгаа. Сая Сингапур улсад суралцах хугацаандаа ярианы түвшингээ сайжруулж чадлаа. Багш болон тэнд суралцаж байсан хүүхдүүд бүгд англиар ярьдаг. Мөн гадуур явахад хүртэл хүмүүс нь англиар ярьдаг болохоор орчинд очиж суралцах нь маш үр дүнтэй байлаа. Д.Сумъяабазар гишүүндээ ийм сайхан боломжийг олгосонд баярлалаа.

-Англи хэлийг анх яаж сурсан бэ?

-Манай ээж англи хэлний багш болохоор би ээжийнхээ авч өгдөг байсан номнуудыг хараад бие даан сурч эхэлсэн.

-Ирэх жил олимпиадад оролцох дүү нартаа юу гэж захих вэ?

-Дүү нартаа энэ олимпиадад оролцсоноор ирээдүйн том амжилтын суурь болсон англи хэлээ өөрийн болгоход их тус дэм болно шүү. Тиймээс одооноос эхлэн бэлдэж, өөрийгөө дайчлаарай гэж захимаар байна. Та бүхэн олдож байгаа энэ сайхан боломжийг алдалгүй ашиглаарай.

“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд жил  бүр зохион байгуулдаг уламжлалтай. Дэлхийн хэл гэгдэх англи хэлийг Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд нь бүрэн эзэмшүүлэхэд чиглэсэн тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан сурагчид Сингапур улсад 100 хувийн тэтгэлгээр суралцсан бол үлдсэн 17 сурагчийг “Жет” сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах эрх болон мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Энэ жилийн англи хэлний олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн 12 дугаар ангийн 700 орчим сурагчид оролцсон байна.