Ж.Сандагсүрэн: Сургууль, цэцэрлэг шинээр барихад газар чөлөөлөх асуудал тулгамдаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, зарим цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.
Нийслэлд 2018 онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт танхимын барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг тус тус барьж эхлүүлсэн. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 8 сургууль, 6 өргөтгөл, 12 цэцэрлэг баригдахаар төлөвлөөд байна. Ингэснээр 3 ээлжээр хичээлэлдэг 7 сургуулийг 2 ээлжид шилжүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг 80 хувьд хүргэх юм байна. Гэхдээ энэ жилдээ багтаан бүгдийг нь ашиглалтад оруулах боломжгүй аж. Тухайлбал, ганцхан иргэн газраа чөлөөлөлж өгөхгүй байгаагаас барилгын ажлаа эхлүүлж чадахгүй тохиолдол ч байгаа юм.