2016.12.02

Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын VI хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа. Хурал 36 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаж, хоёр цаг орчим үргэлжлэв.  

НИТХ ирэх онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх хотын даргын өргөн барьсан төсвийн төслийг дэмжин баталлаа. Энэ нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар нэмэгдүүлсэн дүнтэй байна.

Нийслэлийн 2017 оны төсөвт төвлөрүүлэх татварын нийт орлого 471,5 тэрбум төгрөг байхаар тусгагджээ. Татварын орлогыг дотор нь задлан харвал,

  • Хувь хүний орлогын албан татвараар 344.8 тэрбум төгрөг

  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвараар 43.3 тэрбум төгрөг

  • Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 26.2 тэрбум төгрөг

  • Газрын төлбөрөөр 30.5 тэрбум төгрөг

  • Ус ашигласны төлбөрөөр 3.6 тэрбум төгрөг

  • Нийслэл хотын албан татвараас 8.0 тэрбум төгрөг

  • Ойгоос мод ашигласны төлбөрөөр 35 сая төгрөгийг тус тус олж, хотын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Харин хотын шууд урсгал зардал нь 295 тэрбум төгрөг байхаар тогтлоо. Энэ мөнгөн дүн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурван тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг онцолж байна. Мөн тэд ирэх оны хотын төсөвт бүтээн байгуулалтад туссан хөрөнгө багассан, хотын иргэдээ тогтмол ажилтай, орлоготой байлгах тодорхой заалт огт тусгагдаагүй  хэмээн хотын удирдлагын багийг шүүмжиллээ.

"2017 оны төсөв ирэх жилд хот хэрхэн хөгжиж, ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ гэдгийг тодорхойлдог. Гэтэл эрх баригчид харьяа агентлаг, газрынхаа урсгал зардлыг нэмж, зам, сургууль, цэцэрлэг барих хөрөнгөөсөө хассан" гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү тайлбарлав.

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Ц.БААТАРХҮҮ:

Ирэх онд нийт 23 байршлын 206.4 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж, 15.0 тэрбум төгрөгийн орлого олох аж. Өмч хувьчлалын тухайд нийслэлийн өмчийн хоёр, өмнөх оны хувьчлалын жагсаалтаас үлдсэн дөрвөн барилга байгууламжийг хувьчилж, 35 тэрбум төгрөгийг олж, хотын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. 

Харин ирэх онд иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөнгөлөлтөд зориулж төсвөөс 101 тэрбум төгрөг, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих иргэдийн зардалд 37.9 тэрбум төгрөг гаргаж зарцуулахаар болсон байна. Ингэснээр орлого, зардал хоёроо тэнцүүлсэн төсвийн төслийг хотын даргын баг боловсруулж чадсан гэж МАН-ын бүлэг дэмжин, тайлбарлав.

НИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА Ц.БАЙГАЛМАА:

Дүүргийн хот тохижуулах зардалд нийт 65.7 тэрбум төгрөг тооцон төлөвлөжээ. Дээрх мөнгөн дүнг дотор нь задалбал,

  • Жилд үүсэх 344.5 сая тонн хог хаягдлыг тээвэрлэх зардалд 20.9 тэрбум төгрөг,

  • Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 15.7 тэрбум төгрөг,

  • Цэцэрлэгжүүлэлтийн зардалд 6.9 тэрбум төгрөг,

  • Орон сууц, гэр хороолол болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн урсгал, техникийн засварын зардалд 5.7 тэрбум төгрөг,

  • Бусад тохжилтын ажилд 13.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.