Ц.Даваасүрэн: ТЭЦ IV одоо болтол удирдлагагүй байгаа
2018.09.17

Ц.Даваасүрэн: ТЭЦ IV одоо болтол удирдлагагүй байгаа

Өнгөрсөн Бямба гаригт “ТЭЦ IV”-т техникийн саатал гарсны улмаас хот даяар тоггүй болсон. Тэгвэл Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нийслэлийн иргэдээс уучлалт гуйлаа. Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдөр эрчим хүчний саатал гарсан тул нийт хэрэглэгчдээс уучлалт хүсч байна. ТЭЦ IV-т  гарсан саатлын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй. Гэвч тухайн өдөр ажиллаж байсан монтёрын буруутай үйлдлээс болсон байх магадлалтай гэж үзэж байгаа. Бид бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцуудыг хурдан босгох хэрэгтэй байна. Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх явдал бас их чухал байна. Нар, салхиар 40 МВт үйлдвэрлэж байгаа. Орой болоод, нар бууж, салхи намдахаар л хязгаарлалт хийх шаардлага гардаг. Нар, салхины эрчим хүчний 1500 зөвшөөрөл байдаг. Эдгээрийг цэгцлэх "сэрүүлэг"-ийг бидэнд өгөөд байна. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд бид усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол нэг кноп дараад л асдаг. Тэгэхээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг эрчимжүүлнэ. Станцуудын асуудлыг хурдан шийдэхгүй бол ТЭЦ IV-т  нэг аваар гарахад эрчим хүчний бүх системд доголдол үүсэх гээд байна. Дээр нь Амгалан ДЦС-ыг 50 МВт-аар яаралтай өргөтгөх, ТЭЦ-III-ыг 75 МВт-аар өргөтгөх боломж байна. Энэ бүхнийг яаралтай хийх хэрэгтэй байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

ТЭЦ IV дээр гарсан аваар, гэмтлийг бүрэн засч дууссан уу? 

-Аваараас үүдэлтэйгээр хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягтлах хэрэгтэй байна. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Орой гэхэд дөрөв дэх генератор нь ажиллаж эхэлнэ. Үлдсэн хоёр генераторыг бид дахин нягтлах шаардлага байгаа. Дахиад эрчим хүчний саатал гаргахгүйн төлөө бид ажиллана.

– ТЭЦ IV хэдий хэмжээний хохирол амссан бэ?

-Нэг их өндөр биш. Өөрөөр хэлбэл ямар нэг техник тоног төхөөрөмж эвдэрч, сүйдээгүй. Аваар осол болоогүй. Тиймээс энэ удаагийн хохирлыг бид өөрсдийн хөрөнгөөр зохицуулах боломжтой.

-Эрчим хүчний саатлаас болж хэдий хэмжээний хохирол үүссэн бэ? 

-Нийт хохирлын хэмжээг тодорхойлоход бэрх. Жишээ нь талх үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгж хэдий хэмжээний хохирол амссаныг тэр бүр тодорхойлох боломжгүй.

Эрчим хүчний саатлаас болж дулаан дамжуулах системд саатал гарсан уу?

-Үгүй. Харин засвар үйлчилгээтэй холбоотой дуусгаагүй ажил байгаа байх.

-Өвлийн улирал хаяанд ирлээ. ТЭЦ IV-т ахиж гэмтэл гарахгүй гэх баталгаа байна уу? 

-Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. Тиймээс ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторын засварыг эхлүүлж байтал яг ийм асуудал боллоо. Өвлийн ачааллыг давахын тулд дөрвөн генераторын шинэчлэлээ түр зогсоохоос өөр аргагүй боллоо. Өвлийн ачаалал дууссаны дараа шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Цаг хугацаа яг тулчихлаа.

-Шинэчлэлийг зун хийх боломжгүй байсан уу? Яг өвлийн ачаалал эхлэнгүүт давхцаад шинэчлэл хийнэ гэж байгаа нь ямар учиртай юм бэ? 

-ОХУ-аас авах зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Зээл ирэх онд бүрэн шийдэгдэх байх гэж харж байгаа. Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаад нэг генераторын шинэчлэлийг эхлүүлж байсан боловч хүйтний улирал эхэлж байгаа тул шинэчлэлийг хойшлуулахаас өөр аргагүй болж байна.

-Эрчим хүчний сайдаар ажиллах хугацаандаа ямар, ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Нар салхины цахилгаан станцын асуудлыг цэгцэлнэ. Нар салхины цахилгаан станцууд 100 МВт зайн үүсгүүртэй болох шаардлага байна. Ийм үүсгүүртэй болсон тохиолдолд нарны туяа бага байх үед зайн үүсгүүрт залгагдаад, 6-9 цагийн ачаалал даах боломжтой болно. Хоёрт, Төрийн өмчит компаниудыг яам өөрийн мэдэлд авах шаардлагатай байна. Эрчим хүчний доголдол гарахад бүх хүн яам руу ханддаг. Гэтэл тэр компанийн удирдлагыг томилдог, чөлөөлдөг, санхүү төсвийг баталдаг эрх мэдэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байна.

-ТЭЦ IV-ийн захирлын асуудал юу болсон бэ? С.Анхбаяр гэдэг хүн ажлаа хийж байгаа юу? 

-Удирдлагынх нь асуудал одоо болтол шийдэгдээгүй. С.Анхбаяр ажлаа хийгээгүй, шүүхийн маргаантай байгаа.

-ТЭЦ IV-ийн удирдлагыг яаралтай томилох шаардлага үүсч байна. Гэтэл шүүхийн асуудал нь хэзээ шийдвэрлэгдэх вэ?

-Ер нь бид хууль хяналтын байгууллагатай яриад, “хүлээх боломж” алга гэдгээ илэрхийлнэ. С.Анхбаярын асуудлыг нэг тийш болгож, ял хариуцлага хүлээлгэхээр бол тэрийгээ хүлээлгээд яв. Бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай яриад, дараагийн арга хэмжээг авмаар байна гэдэг саналаа хэлнэ.

-Эрчим хүчний саатал гарахын яг өмнөх өдөр та ТЭЦ IV-н үйл ажиллагаатай танилцаад явж байсан. Гэтэл маргааш нь ийм асуудал үүслээ шүү дээ. Шалгалтыг дутуу хийсэн гэсэн үг үү?

-Гэнэтийн саатлыг урьдчилж мэддэг байсан бол бид өнөөдөр асуудал үүсэхгүй шүү дээ. Энэ аваар бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэж үзэж байгаа.