Ц.Даваасүрэн: Засгийн газрын шийдвэрээр “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэхээр болсон
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
2018.09.15

Ц.Даваасүрэн: Засгийн газрын шийдвэрээр “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэхээр болсон

​ОХУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР 250 МЕГАВАТТЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА​

Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөнөөр салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 1938 ажил төлөвлөснөөс 1556-г нь бүрэн хийж, 80 хувьтай байгаа аж. Салбарын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг харьяа байгууллагуудаар шалгалт хийж эхлээд байгаа юм. Шалгалтын талаар болон бусад анхаарал татсан сэдвээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлыг ДЦС III-аас эхлэн шалгаж байна. Улаанбаатар хотын дулааны гол эх үүсвэрийг уг станц гаргадаг. Тэр үүднээс энэ байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж байж нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангасан гэж үзнэ. Одоогоор ДЦС III-ын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. 

-Нийслэлд дулаан, эрчим хүчний ачаалал өмнөх оныхоос хэр нэмэгдсэн бэ?

-Наад зах нь Яармагийн дэнжид баригдсан болон баригдах олон барилгуудыг дулаанаар хангахын тулд ДЦС IV-ийн нөөцийг ашиглахаар шинээр дулааны шугам татсан.

Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний хэрэглээ 50 мегаваттаар нэмэгдээд байгаа.

Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох дулааны шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Ингэснээр нам даралтын зуухаар халаадаг байсан 139 барилга төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон. 68 нам даралтын зуухаар халдаг байсан 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбожээ

-Утааг бууруулахын тулд гэр хорооллын айлуудыг найдвартай цахилгаанаар хангах ажил хийгдэж байгаа юу? Учир нь ирэх оноос нийслэлд түүхий нүүрс оруулах хориг хэрэгжих гэж байна.

-Өнгөрсөн хугацаанд 27 мянган өрхийг 4.0 кВт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлсэн. Өнгөрсөн өвөл зарим айлын цахилгааны чадал хүрэхгүйгээс халаалтын төхөөрөмж ажиллуулж чадахгүй байна гэсэн гомдол их ирдэг байсан. Энэ жил нэмээд 21 мянган айлд 4.0 кВт цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлсэн.

-Орон нутагт эрчим хүч үйлдвэрлэлийн шинэ бүтээн байгуулалт хийгдсэн үү?

-Эрдэнэтийн дулааны станцад 40, ДЦС-IV 20 мегаваттын нэг блок барьж эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмсэн.

-ОХУ-аас хоногт хэдэн мегаватт цахилгаан импортолдог вэ? Төлбөр нь хэдий хэмжээний зардал гардаг вэ?

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ хоногт дээд тал нь 240 мегаватт байдаг. Үүнээс 50-80 мегаваттыг ОХУ-аас авч зохицуулдаг. Гэхдээ шөнө илүү гарсан цахилгаанаа ОХУ-д бас нийлүүлдэг. Энэ зөрүүний төлбөр тооцоог улирал тутам хийдэг.

-“Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэх ажлыг шийдсэн үү?

-Саяхан Rio Tinto-гийн төлөөлөгчидтэй уулзсан. “Тавантолгой”-д цахилгаан станц барих шийдвэрээ хоёр долоо хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ гэж хэлсэн.

Харин бид ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэх шийдвэртээ хатуу зогсож байгаа.

Ингэхийн тулд ДЦС III-ыг өргөтгөхөөр Засгийн газрын шийдвэр гараад ажиллаж байна. Одоогоор ОХУ-аас гүйцэтгэх ажлыг хийх компаниуд ирчихсэн, техникийн нөхцөл, ажлын даалгавартай танилцаж байгаа. Владивостокт болж буй Ерөнхийлөгчийн уулзалтаар энэ асуудлыг бас ярилцаж байна. 175 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байгаа энэ станцыг ирэх жил 250 мегаватт болгох юм.

ОХУ-аас 350-400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч энэ ажлыг хийнэ. ирэх сард би ОХУ-д ажиллаж, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Бараг шинэ станц барина гэсэн үг л дээ.

Мөн хуучин станцаа 75 мегаваттаар өргөтгөх боломж байгаа. Ингэснээр “Оюутолгой”д эрчим хүч нийлүүлэх ажил үргэлжилнэ. Харин ДЦс III-ын өргөтгөлийг барихад нэг хүндрэл үүсээд байгаа.

-Ямар хүндрэл үүссэн бэ?

-Нүүрсний хаягдал, үнсийг хадгалах “Үнсний сан”-г өргөтгөх ажил гацаанд орсон. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц бүхий газар гэдэг утгаараа нийслэлээс газар олголт хийдэггүй юм байна.

“Үнсний сан”-г өргөтгөхгүйгээр 250 мегаваттын өргөтгөл бас хийгдэхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Газар олгохгүй байна гээд нийслэлийнхэн эрчим хүч дулаанаар гачигдаад сууж байж таарахгүй.

Сэтгүүлч Б.Батбөх