Холбоо, институтуудтай Хамтран ажиллах гэрээ байгууллаа
2018.09.19

Холбоо, институтуудтай Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр ҮЦАЭХ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттай Хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд Хороог төлөөлж Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гүйцэтгэх захирал Л.Энхболд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр нар гарын үсэг зурав.

Гэрээ байгуулах ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хорооны дарга, доктор С.Даваасүрэн сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд гарч буй өсөлт, нааштай үр дүнгүүд, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тоймлон дурдаад, ийм үед зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нягтруулах нь өсөлтийг дэмжин, хөгжлийн эрчийг тэтгэх нэгэн хөшүүрэг болохыг дурдав. Тэрээр, хамгийн гол нь нэгэн сэтгэл, нэгэн зорилгын дор, нэгэн цагт, нэгэн газарт хамтдаа зогсож, харилцан биенээ дэмжиж байх нь эргээд зөв бодлого, бодит үр дүнг бий болгоно гэдгийг онцоллоо.

Хороо болон Холбоо, институтуудын хамтран ажиллах гэрээнд үнэт цаасны зах зээлийн харилцааг шинэ шатанд гаргах буюу биржийн бус зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогчид, санхүүгийн зуучлагчдын чадавхыг нэмэгдүүлэх буюу мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалтыг мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулах харилцааг тусгасан байна. Түүнчлэн Хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллахаар тохиролцов. Мөн Хороо болон Холбоо бодлого зохицуулалтын ба өөрийгөө зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийг чадавхжуулах чиглэлд ил тод, нээлттэй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлах зарчмыг баримтлан ажиллахаар харилцан үүрэг хүлээлээ.