Газар өмчлүүлэх хуулийг 2018 он хүртэл сунгая
2012.03.05

Газар өмчлүүлэх хуулийг 2018 он хүртэл сунгая

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Баярсайхан нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газарт санал авахаар хүргүүлээд байна.

Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хугацааг сунгаж, энэ ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор тус хуулийн төслийг санаачилжээ. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийн хүчинтэй хугацаа 2013 оны тавдугаар сарын нэгэнд дуусна. Энэ хугацааг дахин таван жилээр 2018 оны тавдугаар сарын нэгнийг хүртэл сунгахаар төсөлд тусгасан байна. Газар өмчлүүлэх хугацааг сунгаснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй, Монгол Улсын 2,7 сая иргэний 90.81 хувь буюу 2,5 сая гаруй иргэн Үндсэн хууль, бусад холбогдох хуульд заасан эрхээ эдэлж газраа хувьчилж авах боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна.

Мөн иргэд өөрсдийн өмчлөлийн газартай болсноор үл хөдлөх хөрөнгөтэй болох, үл хөдлөх хөрөнгөө санхүүжилтэд ашиглах, хойч үедээ өвлүүлэх боломж бүрдэнэ. Монгол Улсад өрхийн зориулалтаар газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2008 оноос тус тус мөрдөгдөж байгаа. Эдгээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш есөн жил гаруйн хугацаанд нийт хүн амын дөнгөж 9,19 хувь нь газраа өмчилж аваад байна. Энэ бол дэндүү чамлалтай тоо юм. 2010 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 115525,9 мянган га буюу 73,86 хувь, хот, тосгон бусад суурины газар 620,6 мянган га буюу 0,39 хувь, зам, шугам сүлжээний газар 407,1 мянган га буюу 0,26 хувь, ойн сан бүхий газар 14297,9 мянган га буюу 9,13 хувь, усны сан бүхий газар 682,8 мянган га буюу 0,44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 24877,3 мянган га буюу 15,91 хувийг эзэлж байна. Энэ мэдээллээр иргэдэд өмчлөх боломжтой хот, тосгон бусад суурин газрын нийт газар нутагт эзлэх хэмжээ ердөө 39 хувь аж.

Монгол Улс нэг иргэнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг ч улсын нийт газар нутгийн дөнгөж 0,075 орчим хувийг эзлэх нутаг дэвсгэр бүхий нийслэлд хүн ам хэт төвлөрснөөс, ихэнх нутагт хүн амын нягтаршил сийрэг болсон байна. Мөн энэ төвлөрлөөс хамаарч нийслэлд олон тулгамдсан асуудал бий болсон. Хэдийгээр Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх тухай хуулийн хүчинтэй мөрдөгдөх хугацаа 2013 оны тавдугаар сарын нэгэнд буюу нэг жил орчмын дараа дуусах ч газрыг иргэдэд өмчлүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн цаашид иргэдэд өмчлүүлэх газрын нөөцийг бүрдүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг ажлын бэлтгэлийг хангах шалтгаанаар энэхүү хуулийн үйлчлэх хугацааг таван жилээр сунгах зайлшгүй шаардлагатай гэж хуулийн төсөл санаачилсан гишүүд үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.