Иргэн бүрт газрын сертификат олгоно
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын долоон гишүүн санаачлан боловсруулсан билээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас газрын тухай хуулийн талаар тодрууллаа.
-Иргэн бүр газраа өмчилж аваагүй байгаа. Түүнчлэн газартай холбоотойгоор олон маргаан үүсдэг. Энэ асуудлыг та бүхний санаачилсан хуулинд хэрхэн шийдсэн бэ?
“Газрын тухай хууль маш сайн хууль. Иргэд энэ хуулиар дамжуулж газраа эдийн засгийн эргэлтэд оруулах баталгаа үүснэ.
Тийм ч учраас энэ хуулийг маш нухацтай ярилцаж, бусад холбогдох хуультай уялдуулан шийдэх ёстой. Тухайлбал хотын дахин төлөвлөлтийн хуулийг харах хэрэгтэй. Энэ бүх зүйлтэй уялдуулах нь зүйтэй.
-Газраа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах вэ. Энэ талаар хэрхэн тусгасан бэ?
Өнгөрсөн 20 жилд маш цөөхөн хүмүүс цэнхэр, ягаан тасалбарыг утгаар нь хэрэглэж өмч хувьчилсан. Иргэд тасалбарын учрыг мэдэхгүйгээсээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг алдсан.
Тиймээс бид энэ алдааг давтахгүйн тулд газрын сертификатыг бий болгохоор хуулийн төсөлд оруулсан байгаа.
Газартай холбоотойгоор маш олон маргаан байгаа. Тухайлбал гадаадын иргэн газар эзэмших талаар. Харин энэ хуулинд гадаадын иргэн газар худалдаж авч, барьцаалж, бусдад өмчлүүлж болохгүй талаар тусгаж өгсөн.
Хуулийн гол ач холбогдол нь газрын сертификаттай болох явдал. Бид газрын корпорацийг бий болгож, сертификатыг газраа аваагүй иргэн бүрт олгоно. Иргэн маань өөрийн газраа газрын биржээр дамжуулж худалдан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно.