Иргэдэд газар хувьчлах хугацааг сунгана
2012.04.13

Иргэдэд газар хувьчлах хугацааг сунгана

УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах тухай хуулийн төслийг өнөөдөр 16.40 цагт УИХ-ын даргад өргөн барилаа.  Энэ үеэр эрхэм гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын байр суурийг сонслоо.

Гишүүн С.Эрдэнэ:

-Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацаа 2013 оноор дуусах гэж байна. Үүнийг таван жилээр сунгахаар хуулийн төсөл оруулж байна.

Өнөөдөр газар өмчилж авсан иргэдийн судалгааг гаргаж үзэхэд маш бага хувьтай  гарч байгаа. Хөдөө орон нутагт арай гайгүй. Нийслэлд бол нийт иргэдийн 9,1 хувь нь л газар өмчилж авсан байх жишээтэй. Энэ бол маш бага үзүүлэлт. Нийт газар нутгийн 0,75 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай нийслэлийн хувьд газар өмчлөхөд хүндрэлтэй байна. Иргэд дандаа дэд бүтэц хөгжсөн, гэрэл, цахилгаан, дулааны шугам сүлжээ очсон газрыг барааддаг.

Ингэхээр бүтээн байгуулалтын бүсийг бий болгоё. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулаан, цэвэр, бохирын шугамыг тэлэх, нэмж зам тавих маягаар иргэдийн өмчилж авах газрын хэмжээг нэмэгдүүлж, иргэдэд газар өмчлөх боломжийг олгох ёстой. Уул уурхайн баялгаас эдийн засгийн бодит орлого нэмэгдэж байгаа энэ цаг үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг сайжруулах замаар иргэдэд өмчлүүлэх газрыг нэмэгдүүлье гэсэн хуулийн төсөл өргөн барилаа.

Гишүүн Д.Ганхуяг:

-Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлт дунджаар есөн хувьтай байна. Монголын 2,7 сая иргэнээс 255 орчим мянга нь газраа өмчилж авсан байна. Анх 2000-2004 онд газрын тухай багц хууль гарсан. Газрыг анх өрхийн зориулалтаар өмчлүүлэхээр болсон. 2008 оноос иргэнд газар өмчлүүлэхээр болсон. Иргэн бүрт газар өмчлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгээс хоёр хувь л иргэдэд очих юм.

Хот суурин газарт газар өмчлөх ажил маш удаан байна. Энэ нь газаргүйдээ биш, дэд бүтэц тааруугаас болж байна. Нийслэлд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Газар хувьчлал, газар зохион байгуулалт бол хот байгуулалтын хамгийн том асуудал юм. Гэр хорооллынхон орон сууц хувьчилж аваагүй, мал хувьчилж аваагүй ийм хүмүүс. Зах зээлийн нийгэмд иргэдийн амьжиргааг дэмжих хамгийн том нөхцөл нь үл хөдлөх хөрөнгийн асуудал юм. Ингэхээр иргэн бүртээ газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс хугацааг сунгах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.