Б.Батзориг: Энэ жил импортоор улаан буудай авахгүй байх зорилт тавьсан
2018.10.02

Б.Батзориг: Энэ жил импортоор улаан буудай авахгүй байх зорилт тавьсан

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ургац хураалтын явцын талаар мэдээлэл хийснийг хүргэж байна.

Б.Батзориг сайд, 2017 онд манай улс гантай байсан учир ургац алдсан. 100 мянга орчим тонн үр тариа авч, дотоодынхоо гурилын хэрэгцээг хангах боломжгүйд хүрсэн. Тиймээс импортоор 220 мянган тонн улаан буудай оруулж, хэрэгцээгээ хангасан. 2018 оны хувьд тариалалт хийхэд манай тариаланчдад хүнд байсан.

Учир нь сүүлийн хоёр жилд ургац алдаж, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж хангалтгүй, тариалах үргүй байлаа. Ийм үед салбарын яам тодорхой зорилтууд тавьж ажиллалаа. ЗГ-ыг тогтоолоор 7 аймгийн 61 сумын нутгийн газар тариалангийн бүс нутгаар зарлаж, зарласан бүсэд МАА эрхлэхийг хязгаарласан юм. 

2018 онд манай тариаланчид 503 мянган га талбайд тариалалт хийх зорилт тавьсан. Гэвч сэрүүхэн байсан учир тариалалт оройтож, 497.2 мянган га-д тариалалт хийлээ. Гэхдээ 497 мянган га бол боломжийн үзүүлэлт. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 24 мянган тонн үрийн будаа тариаланчдадаа олгосон. Дээр нь 8000 тонн элит үрийг ОХУ-аас оруулж олголоо. Техникийн шинэчлэлд ОХУ-ын “Экзим” банкны 10 сая долларын хөнгөлөлттэй зээлээр 197 нэр төрлийн техник тоног төхөөрөмжийг оруулж, ААН-үүддээ олголоо.

Ургац хураалтын явц ямар байна вэ? 
-5-6 дугаар сард гантай байсан. Долоодугаар сараас эхэлж бороо хур сайн орлоо. Ургацын урьдчилсан дүнгээр 450.3 мянган тонн үр тариа, 425.8 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах урьдчилсан баланс гараад байна. Хэрэв энэ хэмжээгээр ургацаа авбал төмс, үр тарианыхаа дотоодын хэрэгцээг 100 хувь хангана.

Хүнсний ногооны 60 хувийг хангах боломж бүрдэнэ. Есдүгээр сарын дундуур тариалангийн зарим нутгаар цасан шуурга, хур тунадас орж 16 мянга орчим га талбай цасанд дарууллаа.
Цасанд даруулсан тариаг малын тэжээлээд ашиглахаар Улсын нөөцөд шилжүүлнэ. Тариаланчид маань ирэх 14-21 хоногт тариа, ногоогоо хураан авахаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Аравдугаар сарын 1-ний байдлаар үр тарианы 21.1, төмс хүнсний ногооны 81 хувийг  хураагаад байна.  

-Энэ жил импортоор улаан буудай авах уу?
-Энэ жил бид импортоор улаан буудай авахгүй байх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс үр тариагаа дотооддоо тарьж, иргэдээ экологийн цэвэр үр тариа, хүнсний ногоогоор хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд манай тариаланчид, ногоочид цаг наргүй ажиллаж байна. 3200 гаруй оюутан, цэргийн алба хаагчид тариа хураалтад ажиллаж байна. Оюутан, цэргүүдийг дахин 14 хоног ажиллуулах хүсэлтээ Батлан хамгаалах болон Боловсролдын сайдад тавьсан. Нааштайгаар шийдэх боломжтэй гэсэн.  

-Тариаланчдад хүндрэлтэй ямар асуудал байна вэ?
-Тариаланчдын шатахууны зардлын 50 хувийг урьдчилж өгсөн. Үлдсэн төлбөрийг үр тариагаар хийдэг. Валютын ханш өссөн нь шатахууны үнэ өсөхөд нөлөөллөө. Тариаланчдад үзүүлсэн дэмжлэгийн буцаан авах төлбөрийг үр тариагаар хийдэг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Удирдах зөвлөл хуралдаж, энэ жил зээлийн төлбөрт авах улаан буудайн үнийг 600 төгрөгөөр тогтоосон нь тариаланчдад  дэмжлэг болох байх гэж бодож байна гэлээ.