Өвөлжилтийн бэлтгэлийг өндөр түвшинд хангахын тулд ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандан зөвлөмж гаргаж, албан даалгавар хүргүүлсэн юм.
Ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, өвлийг өнтэй давах бэлтгэлээ эртнээс хангахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан 2018 оны долдугаар сарын 30-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Энэ ч үүднээс өвөлжилтийн бэлтгэлийг өндөр түвшинд хангуулахын тулд гаргасан Засгийн газрын тогтоол, Сайдын зөвлөмж, албан даалгаврын биелэлт, өндөржүүлсэн байдалд хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь танилцах, шалгах, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд зургаан хэсэг болж, энэ сарын 15-ныг хүртэл нийт Монгол Улсын 18 аймагт ажиллана.
Одоогийн байдлаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудаар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл, Булган, Орхон аймагт, Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг говийн аймгуудад тус тус ажиллаж байна.
ХХААХҮЯ-наас томилогдсон эдгээр ажлын хэсэг тухайн орон нутаг дахь мал, мах бэлтгэл, хадлан тэжээл бэлтгэлийн явц, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх, шинэ худаг барьж байгуулах ажлын гүйцэтгэл, газар тариалангийн ургац хураалтын нөхцөл байдал зэрэг олон чиглэлээр газар дээр нь хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгнө. Мөн сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэжилттэй бодитоор танилцаж байгаа юм.
Энэ үеэр Засгийн газрын тогтоол, Сайдын зөвлөмж, албан даалгавар гарсаар байхад өвөлжилтийн бэлтгэлээ хангалтгүй базаасан аймаг, орон нутгийн удирдлагад шаардлага тавих, хариуцлага тооцох нөхцөл бүрдэнэ. Ийнхүү арваннэгдүгээр сард Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хэдэн хувьтай хангагдаж байгаа, орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэвэл зохих асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.