Цайзаас зүүн Алтан-Өлгийрүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18

Цайзаас зүүн Алтан-Өлгийрүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгийрүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Нээлтийн ажиллагаанд УИХ, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох хүмүүс оролцов.

Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь 2 эгнээ бүхий 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай, лед гэрэлтүүлэгтэй юм.

Энэ хэсэгт анх 2003 онд зам тавьж байжээ. Үүнээс хойш ямар нэгэн засвар шинэчлэл хийгдээгүй 15 жилийн нүүр үзээд байсан юм.

“Энэ хэсгийн иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан замыг засч, шинэчлээд өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санхүүжилтийг нь хөөцөлдөж нааштайгаар шийдүүлж чадсан. Зарим хэсгүүдэд хөрсний ус маш ихээр гарч ирдэг, намагтай байсан. Үүнийг шийдэх хөрөнгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Н.Баярмөнх нар гаргаж, дэмжин ажилласан” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.