2018.10.24

Ё.Баатарбилэг: Жил жилд нь аудит хийгээд, төсвийн мөнгийг шамшигдуулахаас сэргийлж яагаад болсонгүй вэ?

Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын талаар хэлэлцлээ.

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийв. Үндэсний аудитын газраас Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн хэрхэн гарсныг шалгаж нийт 72 зөрчлийг илрүүлжээ. Шалгалт 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны хооронд шалгалт хийсэн бөгөөд нийт 72 зөрчил илрүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Гүйцэтгэлийн аудит хийсэн гэж ойлгож байна. Гүйцэтгэлийн аудит өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын асуудал дээр хийгдээгүй юм уу? Утааны асуудал 90-ээд оноос, төр засгийн анхааралд орж ирээд, төсвөөс мөнгө гаргадаг болсноос хойш 10-аад жил болж байна.

Ийм олон жил утааны асуудал яригдаад, улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулаад, тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд, утаа улам нэмэгдэж, нийгмийн бухимдал болоод удаж байхад төрийн аудитын байгууллага юу хийсэн бэ?

Ямар гүйцэтгэлийн шалгалт хийж, ямар байгууллагуудад аудитын байгууллагын дүнгээр хариуцлага тооцсон бэ? Маш их хуримтлагдсан зөрчил, дутагдал байна. Үүнийг жил жилд нь аудит хийгээд, төсвийн мөнгийг шамшигдуулахаас сэргийлж яагаад болсонгүй вэ?

Дүгнэлтийг нь уншихад хариуцлагын талын асуудал оруулсан зүйл байхгүй байна. Ерөнхий сайдад гэсн хэсэгт ганц өгүүлбэр байна. Энэ олон тэрбум төгрөг алга болчихоод байхад яагаад ийм дүгнэлт оруулж ирж байгаа юм бэ? Цаашдаа хяналт шалгалт нь ямар байдлаар явах вэ?

Ажлын хэсэг: Өмнөх жилүүдэд төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэлийн нийслэлийн аудит орж байсан. 2010 онд гүйцэтгэлийн аудит, 2013 онд цэвэр агаар сан дээр нийслэлийн аудит, нийслэлийн төрийн аудитын газраас 2013 онд гүйцэтгэлийн аудит, 2018 онд нийслэлийн аудит орж байсан. Өмнөх оны аудитаар сайд нарт албан шаардлага өгч байсан. Бидний өгсөн зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй. Төрийн аудитын байгууллага хуулиар тогтоосон эрх, үүргийн хувьд: “Алдаа гаргасан албан тушаалтанд сахилга хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандана.” Бид бүрэн эрхийнхээ хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Нийслэлийн засаг дарга Мөнхбаяр, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Оюун, Цэвэр агаар сангийн захирал Баасан зэрэг хүмүүст хугацаатай албан шаардлага өгч байсан. Гэтэл биелэлт ирүүлээгүй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Үнэхээр аудитын байгууллагын эрх, үүрэг хууль тогтоомжийн асуудалтай байгаа бол өөрчлөлтийн асуудлаа ярих ёстой.