20 өрх орон гэртэй боллоо
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оноос эхлэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдээ дэмжих зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын зорилтот бүлгийн өрхөд 12 гэр, тойргийнхоо Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Ханх зэрэг сумын иргэдэд 8 гэр нийт 20 өргөө цагаан гэр өчигдөр гардуулан өглөө. Гэр олгох иргэдийг сонгохдоо иргэдийн ирүүлсэн өргөдлийг дахин судалгаа хийж байж сонгосон байна.
Хүйтний ам наашилж байгаа энэ үед өөрийн гэсэн гэр оронгүй, хөлсний гэрт амьдардаг өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд гэр оронтой болж байгаадаа талархаж байлаа. Тусламжийн гэр нь шал, бүрээстэй хоёр сая төгрөгийн үнэтэй гэнэ. Өнгөрсөн онуудад Мөрөн сумын 25 иргэнд гэр олгосон бөгөөд “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийн хүрээнд жил бүр нэн шаардлагатай иргэдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн санхүүжилтээр гэр олгож байх ажээ.