Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
2018.10.30

Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такагитэй уулзахдаа манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр монгол оюутнуудыг хүлээн авч, суралцуулах болсноо мэдэгдсэн. 

Японы талтай хийсэн энэхүү тохиролцоог ажил хэрэг болгох, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөгжингүй орнуудад суралцах суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурснаар анагаахын нарийн мэргэжлийн чиглэлээр монгол оюутнууд Японд 100 хувийн тэтгэлгээр суралцах үүд хаалга нээгдэж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү санамж бичигт гарын үсэг зурч, гэрээ байгуулах хүртэл бүх талаар тусалж дэмжсэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Такаока, мөн Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такэнори Шимизү нарт халуун талархал илэрхийлээд, “Энэхүү санамж бичиг, гэрээний ач холбогдлыг миний бие өндрөөр үнэлж байна. Учир нь жил хүрэхгүй хугацааны дараа Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг бид хүлээн авна. Энэ эмнэлэг хамгийн орчин үеийн шийдэлтэй, хамгийн орчин үеийн техник технологитой эмнэлэг байх нь дамжиггүй.

Энд Японд анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуусыг ажиллуулахыг бид зорьж байна. Энэ гэрээний үр дүнд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн ирж энэхүү зорилтыг биелүүлэхэд ихээхэн дорвитой хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах талаар бид гэрээ байгуулсан талтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж, журам боловсруулж яамны сайтад нээлттэй тавина. Энэ дашрамд Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, түүний ТУЗ-ийн дарга, ноён  Күнинори Такаги болон Японы ард түмэнд хувиасаа болон яамныхаа өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, “Япон, Монгол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа билээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцоод удаагүй байгаа бөгөөд Японд боловсрол эзэмшсэн Монгол оюутнууд төгсөөд эх орондоо ирэн олон салбарт амжилттай ажиллан, Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад Япон улс хувь нэмрээ оруулж байгаад таатай байна. Энэ удаад Анагаах ухаан нийгмийн халамжийн олон улсын их сургууль ирэх 5 жилийн хугацаанд хамгийн ихдээ 50 монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг шинээр нээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн хувьд ялангуяа Япон, Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил ирэх жилд дуусахыг мэдээлэхийн ялдамд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан Монгол оюутнууд Монголынхоо нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Харин Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги санамж бичигт гарын үсэг зурах ёслолд хүндэтгэн ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Элчин сайд Такаока, Элчин сайд асан Шимизү нарт гүн талархал илэрхийлээд “Манай сургууль 1995 онд байгуулагдсан, анагаах ухаан төдийгүй нийгмийн халамжийн цогц сургууль гэдэг утгаараа Япондоо анхдагч сургууль.

Одоогийн байдлаар 6 кампус, 10 сургууль, 24 тэнхимд нийт 8300 оюутан бакалавр, магистр, докторантурт суралцаж байна. Өнөөг хүртэл 23 мянга гаруй чадварлаг мэргэжилтэн бэлтгэснийг маань Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлж 2017 оны 4 дүгээр сард 40 жил олгогдоогүй, их эмч сургах анагаахын ухааны их сургууль байгуулах зөвшөөрлийг бидэнд өгсөн юм.

Бид даяарчилагдсан их сургууль болох уриа, зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн улс орнуудаас оюутан, судлаачдыг суралцуулах мөн өөрийн сургуулийн эмч, багш нарыг гадаадад томилолтоор ажиллуулах, гадна, дотны чадварлаг оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах ажлуудыг хийж ирлээ.

Монгол Улсыг Ази дахь хамтын ажиллагаатай орнуудын нэг хэмээн үзэж, анагаахын салбарын мэргэжилнүүдийг сургах замаар Монголын анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Ирэх 5 жилд хэрэгжих 100 хувийн тэтгэлэгтэй энэхүү хөтөлбөрийг Ази-Номхон далайн орнуудын Хатагтай нарын найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсондоо таатай байна” гэлээ.  

Энэхүү санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдэх юм. Монгол оюутнуудын тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцна.

Японы талаас суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9,720,000-18,300,000 иенийг (220,644,000-415,410,000 төгрөг) зарцуулна. Тэтгэлэгт хөтөлбөр таван жил хэрэгжих бөгөөд Монголын тал тэтгэлтийг бүрэн ашиглаж чадвал өөрөөр хэлбэл жил бүр 10 оюутныг илгээнэ гэж тооцвол тэтгэлгийг хэрэгжүүлэхэд Японы талаас нийтдээ 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх тооцоо гараад байна.