2018.10.29

Улаантайгын тусгай хамгаалалтын бүсэд гарах зөрчил 80 хувиар буурчээ

Хөвсгөл аймгийн Их уул суманд байх Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.5 сая гаруй га газрын хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажилладаг.

Байгалын үзэсгэлэн бүрдсэн онгон дагшин газарт хулгайн анчид, эрдэс баялаг хайсан нинжа, мод бутыг нь авах гэсэн иргэд гээд тулгарах саад ихтэй. 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус захиргаа ашигт малтмалын 44 лицензтэй, 7000 гаруй нинжатай байсан бүс нутгийг байгалийн хуучин төрхөнд оруулж чадсан амжилттай ажиллаж байна.

50 дугаар өргөрөгөөс хойших газрын лицензүүдийг цуцалж тусгай хамгаалалтанд оруулсан. Ингэснээр тус бүсэд байх ан амьтны тоо толгой нэмэгдэх болсон байна. мөн 90 тн хог хаягдалыг цэвэрлэж 510 га газрын нөхөн сэргэх боломжтой болгожээ.  

Хөвсгөл аймагт тулгамдсан бас нэгэн асуудал бол Хөвсгөл далай юм. Учир нь нуурын эргээр үйл ажиллагаа явуулах жуулчны баазууд бохироо нуурт цутгах тохиолдол элбэг байдаг байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж яаралтай арга хэмжээ авахыг нутгийн иргэд байгаль орчны дэд сайдаас хүслээ.

Хөвсгөл аймгийн иргэдийн хувьд онгон дагшин байгалиа байгаа төрхөөр нь хадгалан үлдээх хүсэлтэй. Гэсэн ч урин дулааны улиралд тус аймгийг зорих гадаад дотоодын жуулчдын зүй бус үйлдэл зэргээс үүдэн гарах асуудлууд их байдаг байна. Тэр ч үүднээсээ орон нутгийн удирдлагууд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ системтэйгээр зөв хөгжүүлэх ёстойг онцлон дурдаж байлаа.