С.Эрдэнэ: Иргэд рүүгээ бууддаг, ялгаварладаг, эрхийг нь хаадаг гээд жинхэнэ дарангуйлагчдын үнэр энэ төрөөс үнэртэж байна
2011.04.27

С.Эрдэнэ: Иргэд рүүгээ бууддаг, ялгаварладаг, эрхийг нь хаадаг гээд жинхэнэ дарангуйлагчдын үнэр энэ төрөөс үнэртэж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед Ардчилсан нам Хамтарсан засгаас гарах ёстой гэсэн шаардлагыг нэр бүхий гишүүдээс тавих болсон.Та энэ саналыг дэмжиж байгаа юу?

-Аливаа зүйл хууль, дүрмийн дагуу явах ёстой. Улс орон юм бол Үндсэн хуультай, түүнийгээ дээдлэх зарчмаар төр засгийн үйл ажиллагаа явах ёстой.Үүнийг ч бид анхнаас нь хэлж байсан. Хяналтгүй төрийн тогтолцоо бий болох гээд байна, олон түмний сонголтыг хүндэтгээд олонх нь олонхоороо, цөөнх нь хяналтаа тавиад ажиллая гэсэн. Сонгогчдын сонголтыг үл ойшоож, дур мэдэн стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Тухайн үед сэтгэлийн хөөрлөөр ямар том мөрийн хөтөлбөр амлаж байлаа,тэр нь өнөөдөр ямар байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхэд амлалтуудаас нь биелсэн юм юу ч алга. Энэ бол хяналтгүй Засгийн газар цааш явдаггүй юм байна гэдгийг харуулж байгаа юм.Тийм учраас МАН-ын гишүүдийн ярьж бай-гааг зүй ёсны гэж харж байна.

-Ардчилсан намын гишүүдээс хэр олон гишүүн санал нэгдэж байгаа вэ?

-Засгийн газрыг огцруулах талаар нэг үеэ бодоход маш олон гишүүн ярьдаг болсон. Ер нь энэ Засгийн газар огцрох нь зүйтэй, энэ байдлаараа явах юм бол улс орны ний-гэм эдийн засагт үнэхээр сөрөг нөлөө үзүүлэх юм байна гэсэн бодолтой, яриатай гишүүн маш олон байгаа. Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр ч Засгийн газрын мөрийн хөтөлбөр хангалтгүй гэдэгт олон гишүүн гар өргөсөн. Хангалтгүй гэсэн дүгнэлт, үндэслэлийг нарийн боловсруулж танилцуулахыг УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэгт үүрэг өгсөн. Энэ долоо хоногтоо багтаж яагаад хангалтгүй гэсэн дүгнэлт өгсөн үндэслэлээ нэг бүрчлэн гаргаж ирнэ. Тэгээд дахин бүлгийн хурлаар хэлэлцэж батлаад УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулна. Нэгэнт хангалтгүй гэсэн дүгнэлт өг-сөн учраас энэ Засгийн газар цааш ажиллах уу үгүй юу гэдэг асуудал яригдаж таараа.

-Үүнийг Ардчилсан намын засгаас гарах бэлтгэл гэж ойлгож болох уу?

-Бэлтгэл гэхээс илүү бодит байдалд өгч байгаа дүгнэлт. Жишээ нь, Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох бодит орлогыг 5000 долларт хүргэнэ гэсэн. Өнөөдөр 2000 долларт хүрэхтэй үгүйтэй л байна. Эдийн засгийн бодит өсөлтийг 12 хувьд хүргэнэ гэсэн, өнөөдөр хэдэн төгрөг байгаа билээ гээд ярих юм бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хэрэгжсэн нь нэг ч байхгүй. Хоёрдугаарт, Засгийн газар УИХ-ын удаа дараагийн тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа. Жишээ нь, 27 дугаар тогтоол байна. Энэ тогтоолоор стратегийн ордуудыг баталсан, нэмж энэ ангилалд багтах ёстой 39 ордын жагсаалтыг гаргасан. Гэтэл тэр 39 ордоос нэгийг нь ч стратегийн ордуудад нэмж оруулаагүй. Мөн УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Таван толгойг ашиглах талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ тогтоолын нэгдүгээрт, Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" компанийг байгуулж ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ гэсэн. Гэтэл өнөөдөр Таван толгойг хуваах тухай яриад байж байна. Одоо бүр Цанхын баруун, зүүн гэж таллаад, дотоод, гадаадад өгнө гэх мэтээр Таван толгойн ордыг дампууруулж байна. Хэрэв Таван толгойн ордыг хуваах л юм бол энэ ордын үнэ цэнэ шууд унана. Засгийн газар иймэрхүү байдлаар л ажиллаж байна.

-Сонгууль дөхөж байна.Энэ Засгийн газарт ганцхан жил үлдчихээд байхад огцруулах тухай яриад дэмий гэж засаг барьж байгаа хүмүүс биеэ өмөөрч байгаа шүү дээ?

-Харин ганц өдрийн өмнө ч гэсэн алдаагаа засах ёстой. Монголд Засгийн газар огцорч л байсан, үе үеийн Засгийн газарт алдаа, оноо байж л байсан. Гэхдээ үүн шиг том алдаа ардчиллын түүхэнд байхгүй.Аль аль талдаа хяналт тавьж чаддаг, сонгодог парламентын жинхэнэ д үр төрх манайд байсан. Гэтэл өнөөдөр олонх, цөөнхтэйгөө нийлээд хууль бус Засгийн газар байгуулаад бантан хутгаж байна. 2004 онд бол аль нь ч олонх болоогүй байсан. Өөрөөр хэлбэл, 38-аас дээш суудалтай нэг ч нам байгаагүй.Тийм учраас хуулийнхаа дагуу хамгийн олон санал авсан нам нь бусад намтайгаа зөвшилцөж Эвслийн Засгийн газар байгуулсан. Гэтэл өнөөдөр яагаад МАН 46 суудалтай, олонх болчихсон хэрнээ дангаараа засгаа байгуулалгүй 27 суудалтай намтай хамтарч байгаа юм бэ. Энэ алдааг нэг хоногийн өмнө ч гэсэн засах ёстой.

-2012 оны сонгууль хаяанд ирлээ. МАН, АН хоёр хүссэн хүсээгүй өрсөлдөх нь тодорхой. Нэгэнт нэг хөнжилд орчихсон хоёр нам дараагийн сонгуулиар жүжиг тавиад дахиад өвөртөө орох юм биш биз гэсэн болгоомжлол, хардлага ч байна. Тэгүүлэхгүйн тулд яах ёстой юм бэ?

-Хариуцлага гэж юм хаа ч байх ёстой. Хэлээд, шүүмжлээд байхад Засгийн газрыг байгуулсан хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Түүнээс зүгээр нэг "Уучлаарай, бид андуурчхаж, ганц удаа алдаа гаргачихлаа" гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Алдсан бол хариуцлага хүлээдэг л байх ёстой.

-Хариуцлага нь харин юу юм бэ. Уучлаарай бид андуурч гээд өнгөрчих юм биш биз дээ?

-Өнөөдөр Арабын орнуудад гэхэд 30-40 жил хүний эрхийг хааж боогдуулсныхаа төлөө дарангуйлагчид яаж огцорч байна, яаж хариуцлага хүлээж байна. Яг адилхан л байх ёстой. Төрийн эрх мэдлийг хууль бусаар завхралд хүргэсэн этгээдүүд хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол хэн дуртай нь төрөөр тоглоод байна биз дээ. Өө яах вэ, дараа нь уучлаарай гээд л болчихдог гэдэг тогтолцоо гэж хаана байдаг юм. Нэгэнт л эрх мэдлийг гартаа барьж чадсан л юм бол ард нь хариуцлагаа хүлээж чадах ёстой. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд л хүмүүс зүй ёсны шаардлага тавьж байгаа. Хамтарсан Засгийн газар огцрох ёстой.

-Ард түмний их хуралдай ойрын өдрүүдэд болж байна.Үүнийг хүмүүс янз янзаар харж, өөр өөрсдийнхөө дүгнэж байгаа. Ялангуяа, эрх баригчид эгдүүцэж, муучилж байна. Харин та энэ хуралдайг хэрхэн харж байгаа вэ?

-Айгаад эмзэглээд байх юу байгаа юм бэ. Ард түмний нэг хөдөлгөөн шүү дээ. Өнөөдрийн миний харсан сонин болгонд "Н.Энхбаярын гар хөл бологсод", "Н.Энхбаярын кукла", "Н.Энхбаярын нэрлэсэн 15 олигархи" гээд л элдвээр бичиж. Манайхан бусдыг газар доор ортол муулж, өөрсдөө хэн байснаа мартдаг балиар зангаа болих хэрэгтэй. Тэр 15 олигархи нь ганц нэг хүнийг эс тооцвол үнэн л байна лээ. 15-аар ч тогтохгүй цаана нь төрөөс баяжиж тэрбумтан болсон өчнөөн хүн байгаа. Одоо энэ ордонд сууж байгаа нөхөд, тэр дундаа манай намынхан бүгдээрээ л 1990 онд гудамжинд байсан шүү дээ. Жагсдаг, цугладаг, өргөх бичиг барьдаг байсан. Тэгээд одоо юунд нь эмзэглээд байгаа юм бэ. "Н.Энхбаярын жагсаалаас цус үнэртэж байна" гэж хүртэл бичиж байна. Монголын хэвлэл хүртэл ийм болчих гэж дээ, би үнэхээр гайхаж байна. Харин ч энэ хэвлэлүүд эрх баригчдын талд үйлчлээд байгаа юм биш үү. Яахаараа гудамжинд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байгаа хүмүүс муу болчихдог, төрд луйвар хийгээд байгаа нөхөд энхийн цагаан тагтаа болдог юм. Ардчилсан улс орон мөн юм бол ард иргэд нь жагсдаг, чөлөөтэй үгээ хэлдэг байх ёстой биз дээ. Тэрнийх нь төлөө яагаад янз бүрээр хочлоод, муулаад байгаа юм бэ. Би яг ийм тэмцэл дунд 20 жил явсан. 20 жил би Сүхбаатарын талбайг тойрч жагссан. Гэтэл би өнөөдөр их хурлын гишүүн болчихсон байхад миний дэргэд байгаа хүмүүс жагсагчдыг янз бүрээр хэлж байгаад би эмзэглэж байна. Яагаад Монголын иргэд чөлөөтэй жагсаж цуглаж болохгүй гэж. Дэлхийн бүх л улс оронд жагсаал болж байгаа биз дээ.

-Төрийн эрхийг Үндсэн хууль зөрчин булааж авах гэлээ гэж хардаад байгаа юм биш үү?

-Боль л доо. Жагссан болгоныг тэгж хардаж болохгүй биз дээ. Тэгвэл 1990 онд бид Засгийн эрх авах гэж тэмцээгүй юм уу. Би лав жагсаал болгондоо Засгийн эрхийн төлөө тэмцэж байсан. Тухайн үед болохгүй байгаа төрийн өндөрлөгүүдийг огцрохыг шаардаж байсан. Жагсагчдыг тэгж үнэлээд байх юм бол ардчилсан Монгол Улс, хүний эрх хаана байгаа юм бэ. "Пролетарийн хувьсгал үнэртэж байна" ч гэх шиг. Харин жинхэнэ дарангуйлагчдын үнэр энэ төрөөс үнэртэж байна. Иргэд рүүгээ бууддаг, иргэдээ алдаг, ялгаварладаг, эрхийг нь хаадаг чинь бүгд дарангуйлагч төрийн мөн чанар биз дээ. Би Их хурлын гишүүн байгаагийн хувьд жагсагчдын жагсах, үгээ хэлэх эрх рүү хэн нэгэн эрх мэдэлтэн халдах юм бол тэрний эсрэг эцсийн боломжоо дуустал тэмцэнэ.

-УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжиж байгаагаа эхнээсээ илэрхийлээд байгаа?

-Би энэ хүмүүсийн жагсах эрхийг хүндэтгэж тэдний төлөө дуустлаа тэмцэнэ. Ард нь хэн байгаа, ямар зорилготой нь сонин биш. Аягүй бол маргааш намайг Н.Энхбаярын нэг дэмжигч болгоод бичнэ биз.Үүний ард хэн байх нь надад сонин биш. Н.Энхбаяр ч өнөөдөр Монголын л иргэн. Яагаад Н.Энхбаяр М.Энхсайхан хоёр үгээ хэлж болдоггүй юм бэ. Тэр хоёрыг өнөөдөр шүүхээс ямар нэг гэм буруутай гээд шийтгээд хориг тавиагүй биз дээ. Цагтаа Монгол төрийг тэргүүлж байсан лидерүүд. Яахаараа өнөөдөр тэр хоёртой нийлсэн бол төрийн эсрэг гэмт хэрэгтэн болж хувирах ёстой гэж. Тийм муухайгаар иргэдээ үзэл бодол, байр сууриар нь яагаад ялгаж байгаа юм бэ. Шударгаар хэлэхэд, өнөөдөр төр барьж байгаа хүмүүс бүгдээрээ л Н.Энхбаярын гар хөл байсан. Бүгдээрээ л Н.Энхбаярын үүдэнд дугаарладаг, гар хөл нь байсан, тэр хүний хүчээр төрийн өндөр сэнтийд суугаа биз дээ. Хүний, өөрийнгүй бүгд л Н.Энхбаярын татаасаар гарч ирчхээд хэнтэй тэмцэх гээд байгаа юм бэ. Өөрөө өөрсөдтэйгөө тэмцэх гээд байгаа юм уу. Н.Энхбаярыг тэгж хэлж байгаа хүмүүс ичиж үхээсэй. Харин ч Н.Энхбаяр эднийгээ бодвол арай ухаантай юм. Алдаагаа эрт ухаараад зөв юмны төлөө явж байна. Эд бол өөрсдийгөө энхийн цагаан тагтаа гээд бодчихсон. Хэрэв Н.Энхбаяр олигархийн эцэг, хамгийн муу хүн юм бол жинхэнэ гар  хөл  болж  байсан хүмүүс нь өөрсдөө байсан. Н. Энхбаярыг ийм байдалд хүргэсэн хүмүүс нь ч өөрсдөө. Өнөөдрийн Ерөнхий сайд гэхэд тухайн үед 100 саяын үнэтэй байсан дэд сайдын суудалд мөнгөө өгөөд л суусан шүү дээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.