С.Эрдэнэ: Засгийн газар Монголын ард түмэнд ашигтай асуудлаар нэг ч алхам хийгээгүй
2011.08.30

С.Эрдэнэ: Засгийн газар Монголын ард түмэнд ашигтай асуудлаар нэг ч алхам хийгээгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй "Оюу толгой"-н гэрээний асуудлаар ярилцлаа. Тэрээр "Оюу толгой"-н гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх тухай бичгийг Ерөнхий  сайдад өргөн барих 19 гишүүний нэг юм.

-УИХ-ын нэр бүхий гишүүд "Оюу толгой"-н гэрээний асуудлаар Ерөнхий сайдад хандахаар зэхэж байгаа юм байна. Яагаад ингэх болсон юм бэ?
-Бидний хэдэн гишүүд намын харьяалалгүйгээр асуудалд хандаж байгаа. Энд улс төр, ямар нэгэн намын эрх ашгийн асуудал байхгүй. Хэн нэгнийг огцруулах, эрх ашгийг урьтал болгосон асуудал байхгүй гэдгийг хэлье. Энэ бол Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа, ард түмний эрх ашгийг хохироосон асуудлыг таслан зогсоох, уул уурхай, ашигт малтмалаас монголчуудын олох ашгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн бодлого юм.

"Оюу толгой"-н гэрээг байгуулах тухай УИХ-ын 57 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд заахдаа "Монголын талын хувь 34 байна.
Гэхдээ анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын төрийн эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэ" гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. УИХ-аас өгсөн энэ үүргийг Засгийн газар үг дуугүй биелүүлэх ёстой. Хуулиараа тийм үүрэгтэй. Хууль тогтоох, шийдвэр гаргах эрх нь УИХ-д байдаг. Гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх үүрэг нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газарт байдаг. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ байна. Яахаараа монголчуудын эрх ашиг гадаадынхны эрх ашгаас доогуур байх ёстой гэж.
-Засгийн газраас хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэсэн хоёр гэрээг "Оюу толгой"-н гэрээ гэгчийн дор хийсэн гэсэн үү?
-Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж хоёр тусдаа гэрээ хийсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэгт нарийн ширийн зүйл огт тусгалгүйгээр хийж, нийтэд ил тод гаргаж тавьсан байгаа юм. Харин хувь нийлүүлэгчийн гэрээ гэгчийг нууцын зэрэглэлд оруулж, бүх хуудсан дээр нь нууц гэсэн тамга дараад далд хийчихсэн байна лээ. Тухайн үед Ц.Батбаяр, З.Энхболд гишүүн бид хэд энэ талаар нэлээд хөөцөлдөж, өнгөрсөн намар уг гэрээний төслийг олсон. Тухайн үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга нь З.Энхболд гишүүн байсан. Тиймээс уг асуудлыг байнгын хорооны даргын байр сууриас холбогдох яам, тамгын газарт тавиулж, нууцын зэрэглэлээс гаргуулсан.
Тэр хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар нийт хувьцааны 80 хувийг давуу эрхийн, энгийн хувьцаа 20 хувь байхаар заасан байсан.
Монголын талын хувь хэмжээ 34 буюу энгийн хувьцааны 20 хувийн 34 гэхээр 5-6 хувь л байна биз дээ.
Гэх мэтийн энэ гэрээнд дутагдалтай зүйл олон байна. Түүнчлэн давуу эрхийн 80 хувьд Монголын талаас оролцохгүй байлгах гэх мэт бүх нөхцөлийг тэр тогтвортой байдлын гэрээ гэгчид тусгасан байгаа юм. Тэр битгий хэл тогтвортой байдлын гэрээ гэх 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Одоо байгуулсан гэрээг хөдөлгөхгүйгээр шүү. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолд Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц 50-иас доошгүй хувьд хүргэ гэсэн үүргийг тухайн үеийн Засгийн газарт өгсөн. Энэ тогтоол өнөөдрийн Засгийн газарт ч хамаатай. Гэтэл энэ асуудал өнөөдрийг хүртэл хөндөгдөөгүй, яригдаагүй, Засгийн газраас УИХ-д ямар нэг тайлбар хийгээгүй явсаар байна. Өнөөдөр Оюу толгойн гэрээний асуудлаар яриад байвал олон асуудал бий.
Зөвхөн 34 хувьтай холбоотой асуудал ч биш.
Оюу толгой Монголын ард түмэнд ямар ашигтай юм. Энэ бүх асуудлыг ил болгох ёстой. Тэр ч бүү хэл ундны усны асуудлаа хүртэл Оюу толгойн мэдэлд өгчихсөн. Усны нөөцийн асуудлаар хууль, тогтоол гаргаад өгчихсөн. Дээр нь 68 хувийн татвараа тэглээд Оюу толгойд ашигтай байдлаар шийдээд өгчихсөн. Ер нь Оюу толгойд ашигтай болгоныг Засгийн газар хийсэн мөртлөө Монголын ард түмэнд ашигтай асуудлаар нэг ч алхам хийгээгүй. Тиймээс л уг асуудлаар нэр бүхий 19 гишүүн гарын үсгээ зурж, Ерөнхийд сайдад хандах гэж байна.
-19 гишүүн гарын үсгээ зуржээ. Ер нь өөр гишүүн нэмэгдэх болов уу?
-19-өөр тогтохгүй болов уу гэж бодож байна. Үнэхээр Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж, УИХ-ын гишүүн нь бүх ард түмний элч төлөөлөгч байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хүрээнд төрийн түшээ гэсэн хүндтэй суудалд суугаад хууль тогтоох байгууллагын гишүүн болж яваа юм бол үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа хэн ч гэсэн энэ бичигт гарын үсгээ зурах ёстой. Энд хэн нэгэн С.Батболдыг огцруулах гээд байгаа юм биш.
57 дугаар тогтоолд нийцүүлэн "Оюу толгой"-н гэрээг эргэж хар, тогтоолд нийцсэн гэрээг байгуул гэдэг шаардлагыг л тавьж байгаа юм.
Түүнээс үүнийг зарим хүмүүс Засгийг унагах гэж байна, хэн нэгний тавьсан сум ч гэх шиг ярьж байна. Бидний шаардлагад "Оюу толгой"-н гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд л нийцүүл гэж байгаа юм. Өөр юм шаардаагүй. УИХ-ын 57 дугаар тогтоол яах гэж гарсан юм. Түүнийг яагаад баталсан юм. Хэрэгжүүлэхгүй байсан юм бол яах гэж баталсан юм. Тиймээс тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас Засгийн газарт тодорхой үүрэг өгөх эрхтэй. Тэгэхээр эрхийнхээ хүрээнд уг асуудлыг тавьж байгаа юм.
-Гишүүд намын харьяалалгүйгээр нэгдсэн нь "Оюу толгой"-н гэрээ үнэхээр хуудуутай болсон гэдгийг харуулж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Стратегийн 15 ордыг нэрлэж, УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Цаана нь стратегийн ордод орох магадлалтай 39 ордыг нэрлээд, заачихсан. Өнөөдөр энэ стратегийн 15 ордоос Монголын ард түмэнд юу үлдсэн юм бэ. Ашиглаагүй үлдсэн хоёрхон орд л байгаа байх. Фосфоритын, Асгатын мөнгөний орд гэж. Гэтэл бидэнд юу өгсөн юм. Стратегийн болж магадгүй гэсэн 39 ордоос өнөөдрийг хүртэл нэгийг ч Засгийн газраас УИХ-д оруулж ирээгүй. УИХ-ын 27 дугаар тогтоолд энэ талаар заасан байгаа. Тэдгээр 39 ордоос Стратегийн ордод орох магадлалтай ордуудын талаар судалгаа, шинжилгээ дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуул гэж. УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдаад бараг зургаа дахь жилдээ болж байна. Өнөөдөр тэр 39 ордоос ч гэсэн үлдсэн юм байгаа юм уу, үгүй юу.
Бүгдийг нь энэ луйварчингууд хувааж идээд дуусчихсан юм биш үү.

Би ашигт малтмалын баялгаа ашиглан, эдийн засгийн эргэлтээ сайжруулж, улс орноо хөгжүүлэхийн эсрэг яваа хүн биш. Харин ч үүнийг дэмждэг. Гэхдээ ашигтай үр дүнтэй л ашиглалт явах ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх мэдэлтэй нэг хэсэг нь бүгдийг хувааж идээд, цаана нь итгэж найдан, хараад сууж байгаа ард түмэн хоосон хоцорч болохгүй л байхгүй юу. Би үүний л эсрэг явдаг. Тиймээс уг бичигт гарын үсэг зурсан. Цаашдаа ч тэмцэнэ.
-Уг бичгийг Ерөнхий сайдад хэзээ өгөх вэ?
-Есдүгээр сар гарахаас өмнө өгөхөөр ярилцаж байгаа.
-Та Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Ерөнхий сайдад хандана гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Ерөнхий сайдын зүгээс Таван толгойн асуудлыг энэ намрын чуулганаар оруулж ирэх магадлалтай байгаа. Би Таван толгойн асуудал дээр мөн л УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах шаардлагыг тавьж байгаа. Засгийн газраас зарласнаар бол Хятад 40 хувь, АНУ 24 хувь, Орос 18 хувь гэсэн. Энэ хувийг хаанаас гаргаад ирсэн юм, хэн тогтоосон юм. Яагаад Хятад 40, Орос 18 байх ёстой юм. Нөгөө Солонгос, Япон, Энэтхэг зэрэг том гүрнүүд хаана байгаа юм. Энэ хувь хэмжээг эцсийн эцэст хэн тогтоож оруулж ирж байгаа юм. Хувь тогтоох эрх Засгийн газарт байхгүй. Тэд олон улсын хэмжээнд Монголын байр суурийг ганхуулж, нэр хүндийг нь унагааж байна. Мэдээж аль ч том гүрэн өөрийгөө хоёр, гуравдугаарт оруулахыг хүсэхгүй шүү дээ. Яагаад Ухаа-худаг нь IPO хийгээд 6-7 тэрбумыг босгосон атал УИХ-ын тогтоол шийдвэргүй Ухаа-худагийн баялгийг идээд байж байдаг юм. Гэтэл Таван толгой нь болохоор ямар ч ашиглалт, IPO хийхгүй байж байдаг. Тийм л юм бол Таван толгойн хувьцааг хөрөнгийн том биржүүд дээр гарга л даа, хувьцаа хэлбэрээр. Түүнийг нь мөнгөтэй том улсууд нь аваг. Авсан хэмжээгээрээ хувиа эзэмшиг. Манайх яахаараа хувийг нь зааж өгдөг юм. Тийм өрсөлдөөн гэж байж болохгүй.
-Та дээр хэлэхдээ С.Батболдыг огцруулах асуудал биш гэсэн. Гэхдээ л эдгээр том ордуудын гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах тухай яригддаг...
-Ерөнхий сайд гэсэн албан тушаал, эрх мэдлийг эдэлж л байгаа бол УИХ-аас өгч байгаа аливаа шийдвэр, тогтоол, үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Чадахгүй бол тэр хүн хариуцлагаа хүлээх ёстой. Тийм утгаар асуудлыг тавьж байгаа. Түүнээс бус С.Батболд байна уу, Болд, Дорж байна уу, хамаагүй.  Нэгэнт албан тушаалд очсон бол тэр хүн хариуцлагаа хүлээх ёстой.
Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.