С.Бямбацогт: Оюутолгойд хууль үйлчилдэггүй байдлыг өөрсдөө хийсэн
2011.06.08

С.Бямбацогт: Оюутолгойд хууль үйлчилдэггүй байдлыг өөрсдөө хийсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уул уурхай тойрсон асуудлаар ярилцлаа.

-Та бүхний санаачилсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэдийгээр энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг зохицуулна гэж байгаа ч асуудал эсрэгээрээ эргэж хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх юм?

-1990 оны үеийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс тэс өөр.Тухайн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг хямарсан, гадны хөрөнгө оруулагчид манай улс руу орж ирэх бололцоо бага байсан.Тэр үед Монголыг сонирхох гадны хөрөнгө оруулагчид үнэндээ бараг байсангүй. Иймээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэднийг   урамшуулах,татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого барьсан.Тодруулбал, гадны хөрөнгө оруулагч Монгол Улсад эхний гурван жилдээ  огт татвар төлөхгүй, дараагийн таван жил татварын 50 хувийг хөнгөлөх гэхчлэн давуу эрх эдлэхээр хуульчилсан. Хууль батлагдсанаар гадныхан манайд хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улсад уул уурхай, стратегийн ордуудыг нээсэн. Улмаар Монголын эдийн засаг, иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн байдаг. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хөгжүүлэх, ард иргэдийг нь сайхан амьдруулах гэсэн бодлого агуулдаггүй. Зөвхөн богино хугацаанд их ашиг олоод Монгол Улсаас гарах санаа л агуулдаг байна. Түүнээс биш үндэсний компаниудтай адил ажлын байр тогтвортой бий болгох, барилга, байшин барих, үйлдвэр аж ахуйн газар бий болгож, дотоодынхоо хэрэгцээг хангах бодлого баримталдаггүй нь анзаарагдсан. Иймээс гадны хөрөнгө оруулагчдыг тодорхой хэмжээнд зохицуулах, Монголд хэрхэн үр ашигтай, өгөөжтэй ажиллуулах уу гэдгийг энэ хуулиар зохицуулах юм. Нэг үгээр хэлбэл, гадна, дотны хөрөнгө оруулагчид тэгш байдлаар ажиллана. Түүнээс биш хэн нэгэн давуу эрх эдлэхгүй.

-Гэхдээ манай үндэснийаж ахуйн нэгжүүдэд гадныкомпаниудтай өрсөлдөхүйц чадвар, чадамж бий гэж үү?

-Үндэсний компаниудын эдийн засгийн чадавх, боломж, бололцоо, иргэдийн санхүүгийн боломж, мэдлэг боловсрол гадныхантай өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй. Энэ нь эргээд гадныханд бас давуу талыг бий болгох магадлалтай. Иймээс үүнийг ч энэ хуулиар зохицуулах юм.Тэгэхгүй бол нэг л өдөр гадныхан Монголын баялаг дээр давуу тал, боломж, хөрөнгө санхүүгийн хүчирхэг байдлаа ашиглан манай эдийн засагт нөлөөллөө тогтоож мэднэ. Хэрэв нөлөөллөө тогтоочихвол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирч болзошгүй юм. Хуулийн гол зорилго энэ юм.

-Тэгвэл хууль батлагдсанаар гадныхан үргэхгүй нь гэж ойлгож болох нь ээ?

-Гадныхныг хөөж, гаргах гэсэн заалт нэг ч байхгүй. Харин гадныхантай эрх тэгш, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учрах хэмжээнд хүргэхгүйгээр хамтарч ажиллах санал л тусгагдсан.

-Төсөлд стратегийн ордууд хэмээн тодотгосон байсан. Оюутолгой,Тавантолгой ордын асуудалтай холбоотой гадныхан Монголоос нүдээ салгахаа больсон энэ цаг үед ийм хууль санаачилсан нь магадгүй цаанаа өөр зорилготой байж мэдэх юм?

-Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө төрөөсөө эхлээд иргэн бүр санаа зовних ёстой. Энэ үүднээсээ энэ хуулийг санаачилж, боловсруулсан.Түүнээс биш гадныхны эрх ашгийн төлөө, тэдний захиалгаар хуулийн төсөл санаачлаагүйг Гадныхан Монголд хөрөнгө оруулж болохгүй биш. Оруулж болно. Ганцхан Монголын төр тухайн хөрөнгө оруулагч аль салбарт ямар зорилгоор, хэрхэн хөрөнгө оруулж байгааг мэдэх учиртай. Ингэснээр үндэсний аюулгүй байдалд хүрэх хэмжээний эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж буй хэрэг. Өөр зорилго байхгүй. Хэд хэдэн жишээ дурьдая. 1990 оны үед "Молам" гэж компани Монгол Улсын агаарын орон зайг 100 жилийн хугацаанд эзэмшихээр гэрээ байгуулах гэж байсан.Тухайн үед УИХ дээр бөөн асуудал болж байж хүчингүй болгосон юм. Энэ нь Монгол Улсын агаарыг гадны хүмүүс эзэмших болж байна. Агаараар хэн нисэх, хаашаа явах, энэ орон зайгаар ямар долгион ашиглах, гар утас, телевизийн нэвтрүүлэг гээд бүхэлдээ гадныхны гарт орох байлаа.

Дараагийн жишээ нь, 2000 оны эхээр АНУ-ын "Эмирон" компани Монголын эрчим хүчний салбарыг тэр чигээр нь хувьчилж авах санал тавьсан. Хэрэв тухайн үед тэдний саналыг хүлээн авсан бол эрчим хүчний салбар мөн л гадныхны гарт орж, хичнээн төгрөгөөр эрчим хүч авах байсан бол. Хамгийн сүүлийн жишээ, ОХУ нефтийн хомсдолд орлоо гээд экспортоо зогсоосон. Гэтэл Монгол Улсад өнөөдөр юу болж байна. Манайх нефтиэр ОХУ-аас хараат байгааг хэн хүнгүй харж байна. Орос крантаа хаалаа, Монголд инфляци өсөж, ажилгүйдэл бий болж, бүтээн байгуулалт гацлаа. Хэрэв хэт хөрөнгө оруулагч хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, төмөр болон авто зам, эрчим хүч, банк санхүүгийн гэхчлэн стратегийн ач холбогдол бүхий аль нэг салбарт монополь байдал тогтоовол дээрх сөрөг үр дагаварууд бий болж болзошгүй. Иймээс сөрөг үр дагаварыг бий болохоос өмнө асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Асуудалд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хандмааргүй байна.

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны эцэс хүртэл олгохгүй байхаар УИХ шийдвэрлэлээ. Гэхдээ та сэтгэл дундуур байх шиг санагдсан.Тэр саналыг та дэмжиж байсан биз дээ?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчөөс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл оруулж ирсэн.Тухайн үедээ 2010 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хугацаагаар тусгасан. Дараа нь энэ хугацааг сунгаж 2011 оны дөрөвдүгээр сарын 31-н болгов. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар энэ оны арванхоёрдугаар сарын 31-н болгож мөн л хугацааг сунгалаа. Миний бодлоор зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох бус давхар лицензийг бусдад шилжүүлэхийг хориглох саналтай байсан юм. Нэг хэсэг Монгол Улсын нийт газар нутгийн 40 гаруй хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гарт орсон байсан. Орон нутгийн иргэдийн хаваржаа, өвөлжөө, бэлчээр хайгуулын лицензэд орсон байсныг санаж буй байх. Нэг үгээр эзэмших, ашиглах асуудал нэлээд хүндэрч байсан үе бий. Уг нь энэ асуудлыг цэгцлэх хүрээнд хийж байгаа алхам нь зөв. Гэхдээ ганцхан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон нь хуучин лицензтэй хүмүүст нь давуу эрхийг бий болгочих вуу даа. Өөрөөр хэлбэл, шинээр олгохгүй болсноор хуучин лиценз эзэмшигчдийн лиценз үнэд хүрэх, тэдний наймаа улам эрчимжих магадлал өндөр. Манай улсад өнөөдөр лиценз нэгэндээ бэлэглэх, өвлүүлэх нэрийдлээр хоорондоо наймаалцах байдал хэдийнэ хавтгайрчихсан. Иймээс л давхар хориглох нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.